Баттулга Ерөнхийлөгч намайг хайрласандаа биш ард олонд бусармаг үйлдэл нь улам илчлэгдэхээс айсандаа өнөөдрийг болтол мөрдөх нэрээр тамалсаар байгаа юм. Анх Ерөнхий Прокурорын өмнө 170 хуудас, хулхи “хэрэг” чулуудаж эхэлсэн. Сая УИХ-ын индрээс миний нэрийг аюултай этгээдийн жагсаалтын эхэнд цохож хэлсэн.
Би Баттулгыг Ерөнхийлөгч байхдаа “амин найз” гэж дууддаг байлаа. Түүнтэй би Монголоо өмөөрч ам зөрдөг. Би Баттулгад аюултай харагддаг ч Монголынхоо эсрэг буруу юм хийгээгүй. Би Монголынхоо төлөө бол хэний ч, юуны ч өөдөөс тэмцэнэ. Булвал шороон доороос босно. Шатаавал үнсэн дотроос амилна. Цоожилбол цоожны нүхээр багтаж үнэнийг илчилнэ.
Баттулгаа Монголд хэрэгтэй бол чиний “арван тав” болоход би бэлэн шүү. Гагцхүү шүүхийн нээлттэй танхимд яллах ялаа надад тулгаарай.
-Одоо бол манай зүүн талаар тавьсан шинэхэн төмөр замын хоёр ч урсгалаар Оросын нүүрс Хятад руу цутгаж байна. Мянга мянган машин уухилж гацаж бөглөрөн шороотой чулуутай түүхий нүүрсээ бид зөөж ядаж байхад Оросын шигшигдсэн, боловсорсон нүүрс вагоноор Хятад руу өдөр шөнөгүй урсаж байна.
Монголд орох байсан их орлого ашиг манай хойд хөршийн тогоог дүүргэж байна. Манай түүхий нүүрсийг угаах боловсруулах ажлыг Хятадууд хийж байна. Монголчуудын нэмүү өртөг бүтээж хүртэх байсан ашгийг Хятадууд олж байна. Хятадууд өөрсдөө ч энэ хооронд нүүрс боловсруулах хүчин чадлаа тултал нэмлээ. Хэн баяжиж байна. Хятад баяжиж байна. Хэн нүүрснээс их ашиг хийж байна. Оросууд хийж байна.
Нүүрсээ боловсруулж, зах зээлд борлуулах уралдаанд Монгол ялагдлаа. Орос яллаа. Бас Хятад хожлоо. Монгол хожигдлоо. Одоо бол Монгол ялалтын шагналаа хүртэгч биш ялагдлынхаа өртгийг төлөгч улс болсон.
-Монгол улсад олдсон хосгүй боломж алга болсон. Зогссон. Хулгайлагдсан. Дахиж тэр боломж урьдын адил нөхцөлөөр эргэж бидэнд заяахгүй. Цаг өөр болсон. Нөхцөл, орчин өөрчлөгдсөн.
-Монголын боломжийг хулгайлагч, харьд бэлэглэгч чухам тэр хүн хэн бэ? Энэ хар пайз дээр “Халтмаагийн Баттулга” гэсэн нэр тодоос тод бичигдэх байв. Бичигдсэн ч байгаа. Гэтэл пайзны эзэн үүнийг зөвшөөрөхийг хүссэнгүй. Тийм нэртэй, мөртэй үлдэхийг тэр одоо хүртэл зөвшөөрөхгүй байгаа юм.
Энхсайханыг тойрсон өнөө цагийн товч түүх ийм буюу. С.Баяр номондоо баримт түшиж Монгол улсын Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Баттулгын Хятад руу тавих гэж байсан төмөр замын нууцалсан төлөвлөгөөг хэрхэн олж зогсоосноо бичсэн. Тэр тусмаа уг төмөр замын өртөгт Монголын газар нутаг, баялгийг барьцаалсан байсан юм. Өөрөө зөвшөөрч, дэд сайдханаараа гарын үсэг зуруулсан байсан уг төлөвлөгөөгөө Х.Баттулга одоо ч нууцлахыг оролддог. С.Баярын хоригдож байгаа бас нэг шалтгаан энэ бөлгөө.
-Солонгос хамаа болохоор 40 сая төгрөгөөр торгуулаад, их наядын хохиролтой хэргээ угаасан. Одоо төмөр замыг тайз болгож, хувьчилж авснаа “ТҮЦ” гэж чамлан алт ашиг эргэж хэмжээ хяналтаа алдсан мэт галзуурч байна. Энэ бол өөр сургууль, харь хийц. Монгол хүний бол сэтгэл нь өвдөм, ганцаар барахгүй ажил бас хэтийдсэн гоцлол.
Ц.Элбэгдоржийн “Арван дөрөв” нийтлэлээс…