Өнөөдөр /2020.11.29/ Улс орон даяар зарласан хатуу хөл хорионы хугацаа арванхоёрдугаар сарын 1-нд дуусаж байна. Хөл хориог цаашид сунгах эсэх асуудлаар өнөөдөр 12.00 цагт УОК хуралдаж, халдварын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан мэргэжлийн байгууллагуудын гаргасан санал, дүгнэлтэд үндэслэсэн шийдвэрээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газрын хуралдаан 17.00 цагт эхэлсэн бөгөөд хуралдаанаар Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног үргэлжлүүлэхээр болжээ. Бусад аймгийн бэлэн байдлын зэргийг 12-р сарын 1-ний 06.00 цагаас эхлэн бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо.
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байгаа юм. Засгийн газрын тогтоолд нэгэн сонирхолтой заалт байгаа бөгөөд энэ нь 17-оос доош градустай согтууруулах ундааг Улаанбаатарт худалдана гэжээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглоод байсан билээ.