Арслан дагаж хоолоо олж иддэг цөөврүүд байдаг даа. Түүнтэй адил нутгийн ах, танил талаа бараадаж байгаад намд орчихсон гөлөгнүүд бий. Эзэнтэй болсон гөлөг гарыг нь долооно, хамар руугаа няслуулна, бас бусад айлын гөлөг рүү ахирч сурна. Сүрэглэн амьдрах ахуй байдалд суралцахын зэрэгцээ нам эвслийг хоолыг нь булаах өштөн дайсан мэтээр харна.
Тэр бүхэнд эзэн нь хөөрөх баясах учраас сүүлээ модойлгон сошиалд хуцаж өгөх юм. Ингэж хуцахгүй бол хоол олдохгүй, ах нар бүр ч тоохгүй, энд тэндээс цуглуулсан дээд сургуулийн хавтас бүр ч хэрэг болохгүй. Тийм учраас чихэнд чийртэйгээр өдөр шөнөгүй боргон хуцна. Улс төрийн сонгуулиар эзэд нь ажил төрөлгүй болж авлигатай тэмцэх газар дуудагдана. Нөгөө муу гөлөгөө дагуулаад явах нь яршигтай тул гудамжинд төөрүүлж орхино.
Гулигасан их хоол, дулаан хэвтэр үгүй болсон тул өнөө муу гөлөг намын байраар эргэлдэнэ. Том ах нар түүнийг урвагч, долдой, үнэнч бус хэмээгээд хавтуулахгүй учир эргээд гудамжиндаа хэвтэн сайн сайхан үеэ бодон цочин сэрнэ. Мань гөлөг эзнээсээ хулгай хийсэн, бага сага авлига авсан, бусад томцуул руу сээтэгнэсэн зэргээ тас маржээ. Түүний энэ зовлон бэрхшээлийг гол гогцоо, үүр уурхай сөрөг хүчин гэж ойлгоод байдгаараа хуцна.
Тэдний хашааруу өдөр бүр шээж, завсраар нь ахирч өөр шигээ гөлөг нартай нэгийгээ үзнэ. Энэ байдлаа өөрийг нь тоогоогүй намын дарга нараа хараасай, би лаг мундаг шүү, тэмцэгч гэж харуулах гэж хичээвч цаадуул л үл тооно. Өөрийгөө таниулсан, хурган дарга хийгээд үзчихсэн ажилгүй болсон урвасан, шарвасан гөлөгнүүд намын үүд хавиар мянга мянгаараа бий учраас үл тооно.
Гудамжинд удсан гөлөг улам ярдаг, ууртай эзэнтэй болохыг тулд аймаар мундаг урдаг, хаздаг нохойн дүрд тоглох гэж оролдоно. Хэн нэгэн хүн хашаагаа харуулах гээд, эсвэл зодоонд оролцуулах гээд өргөж авна гэж горьдоно. Хийх юмаа олж ядсан гөлөг толинд харахад үсэнд нь буурал суугаад юу хамаагүй гударсан гэдэс унжаад аль хэдийнэ хөгшин нохой болсон ч гөлөг шиг гар долоох, цүнх долоох зан нь хэвээрээ. Гөлөг шиг ирээд гөлөг шиг хорвоог орхиход нь гашуудлын мэдээ доромж мэт гарах биз дээ. Яг ийм нөхөд нам хавиар байдаг уу үгүй юу.
А.НОРОВ