ЭМЯ-наас коронавирусын халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, “Өнөөдөр дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 6065, нас барсан хүний тоо 132-т хүрсэн байна. Халдварын тархалт Хятад Улсад эрчимтэй явагдаж байна. Мөн тохиолдлын тоонд нэг орон нэмэгдсэн нь Арабын нэгдсэн Эмират улс. Тус улсад дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэн” гэв.
Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д 14 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу гарсан. Бүгд сөрөг гарсан учраас зөвлөгөө өгөөд гаргасан. Мөн өчигдрийн байдлаар дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д ирсэн. Шинжилгээний хариу 24 цагийн дараа буюу маргааш гарна. Бид бусад оронтой туршлага хуваалцаж байгаа тул оношилгоо амжилттай явагдаж байна. Энэ өвчний дамжих зам нь агаар дуслын замаар тул шинэ зүйл зохиож ярихгүй байхад анхаарах хэрэгтэй. Маскаа зөв зүүж, зөв авах хэрэгтэй. Бусадтай холбоо үүсэж байгаа явдлыг хувь хүмүүс өөрсдөө зогсоох хэрэгтэй. Бид нүдэнд үл үзэгдэх дайснуудтай тэмцэж байгаа тул та бүхэн бидний өгсөн зөвлөмжийг гололгүйгээр, хариуцлагатай хэрэгжүүлвэл үр дүнд хүрнэ” гэсэн юм.
Мөн “ДЭМБ Монголын ЭМЯ-тай хамтран коронавирусын оношлуурыг дахин худалдан авахаар болж, оношлуурын захиагаа явуулсан, удахгүй нийлүүлэгдэнэ” гэдгийг онцоллоо.