Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутгаар урсдаг Цэнхэрийн гол хэдэн жилийн өмнө дуунд л үлдэх дээрээ тулаад байлаа. Хэд хэдэн газраар тасарч сайр л үлдсэн байсансан. Саяхан нэг жолооч эр “Цэнхэрийн голын гүүрээр гарахгүй бол болохгүй. Гол үерлээд машин битгий хэл үхэр мал гарахад хэцүү болоод байна” гэв. Энэ үг нэгийг бодогдуулав.
Одоогоос хэдэн жилийн өмнө яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайтай ярилцах боломж олдсон юм. “Сүүлийн хэдэн жил 2000 гаруй гол горхи, булаг шанд ширгэчихсэн байна. Байгаль дэлхий сүйдээд дууслаа. Одоо яах уу” гэж асууж билээ. Б.Лхагвасүрэн аанай л тамхиа соронгоо “Хуртай жил халиад л ирдэг шүү” гэлээ. Үнэхээр тийм. Энэ жил олон гол горхи сэргэж, тэр ч бүү хэл тэрүүхэн хавьдаа үерлэж байна.
Дорноговь, Дундговь, Өмнөговь гэх мэт ган зуд нүүрлэдэг аймгуудын нутгаар бороо орсон дуулдана. 30 жил бороо ороогүй суманд хүртэл ган тайлагдаж сайхан зун болж байгаа сонсогдох боллоо. Хуртай жил гол горхи, өвс ногоо хүртэл халиад ирдэг юм байна. Хүний санаа сэтгэл ч гэсэн байгалиа дагаад баяр хөөрөөр халгин цалгиад л ирдэг аж.