Монгол Улс өнгөрөгч сард урд хөршдөө 3.88 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь 2019 оны есдүгээр сартай харьцуулахад 8.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ингэснээр манай улсын нэг сард экспортолсон коксжих нүүрсний хэмжээ ийнхүү хоёр сар дараалан рекорд тогтоогоод байгаа юм.
Үүнээс өмнө 2020 оны наймдугаар сард БНХАУ-д 3.73 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь дээд амжилт тогтоож байв. Мөн “Ногоон гарц” журам хэрэгжиж эхэлсэн 2020 оны дөрөвдүгээр сараас хойш өдөрт Монгол-Хятадын авто замын боомтуудаар 1000 гаруй нүүрс ачсан машин гарах болсноор Монгол Улсын коксжих нүүрсний экспортын хэмжээ зургаан сарын турш тасралтгүй өсөж цар тахлын өмнөх үеийн төвшинд хүрчээ. Бээжин Австралийн нүүрсэнд хориг тавьсны дараах аравдугаар сарын байдлаар нүүрсний тээвэр өдөрт 2000 орчим ачааны автомашин болоод байгаа юм.
Тиймээс Монгол Улсын коксжих нүүрсний экспорт энэ сард 4 сая тонн давах хандлагатай байгаа талаар “Argus Media”-гийн тоймд дурдсан байна. Эрчим хүчний түүхий эдийн зах зээлийн судалгааны хамгийн нэр хүнд бүхий “Argus Media” компанийн есдүгээр сарын зах зээлийн тоймд 2020 оны есдүгээр сард дэлхийн зах зээл дээрх дээд зэргийн ууршимтгай хатуу коксжих нүүрсний ханш тонн тутамд дунджаар 121.91 ам.долларт хүрсэн гэжээ.