30 хүрчихээд орон байр ч үгүй, олигтой ажил төрөлгүй яваа эрийг арчаагүй тэнэг гэнэ биз дээ. Яг үүнтэй адилхан АН-д анх хотын төвд жижигхэн ч гэсэн өөрийн байрыг ард түмнээс нь өгсөн. Соёлын төв өргөөны хүзүүвч шүү дээ. Тэр хүзүүвчээ нураагаад 20 жилийн ойгоороо 21 давхар “Ардчиллын ордон” барина гэсэн зураг төсөл гарсан.
Тэр барилгыг тухайн үеийн Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга барина гэж байсан санагдана. Гэвч тэр барилга баригдаагүйгээр барахгүй Норовын Алтанхуяг газрыг нь Худалдаа Хөгжлийн банкинд тавиад алдчихсан сураг байдаг юм.
Ингээд орон гэргүй шахам болсон АН-ыг С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн барилгын газар дээр барьсан байрандаа оруулсан ч үр дүнтэй зүйл болсонгүй. Гишүүдээс авсан тэр их мөнгөө байр идсэн уусан болгоод таарч байгаа бололтой. Одоо орон байргүй шахам болсон АН-ыг Лу.Болд аваад хуучин “Голомт” банк дээр байршуулсан харагдана.
Нөхрөөсөө салж амжаагүй авгайн авдар савыг гэртээ аваачдаг шалиг эр шиг. Саяхан даа АН-ынхан Лу.Болдыг хулгайч, онгоцны мотор хуссан гэж муулаад л. Нөгөөх чинь мөчөөгүй өгөхгүй МАН-ын захиалгаар АН-ыг мөн ч муулж ШИНЭН-руугаа их олон залуусыг уруу татсан байдаг юм.
Ингээд Лу.Болдын мөнгөнд дурласан АН нэг хэсэгтээ толгой хорогдох түр зуурын байртай болоод ШИНЭН-ын залуус гудамжинд хаягдах шив дээ. Уг нь АН-д айл айлын хармаа өрөө царайлаад явахгүй байр бий. Монголын Ардчилсан Холбооны байр гэдэг хоосон шахуу сайхан байр байдаг юм.
Х.Баттулгын пиарын баг, кино групп, хэвлэлээс өөр албан газаргүй. Тэрэндээ очоод суухад мөнгө нэхэхгүй л баймаар. “Ядарч яваа бол тэнэж яваад яахав” гээд хуучин ардчиллын партизанууд нь угтан аваад улс төр хийхийг заагаад өгөх байлгүй. Ардчилсан намын удирдлагад гарсан нөхдүүд бэлэнчлэх сэтгэлгээтэй, мөнгөтэй хүний өвөрт гүйгээд орох дуртай нөхдүүд байдаг бололтой. Намар болохоор “Хамтран амьдрагч” хайдаг авгай нар шиг АН ичээч ээ.
О.Хадбаатар