Сургуулийн хүүхдүүдэд зориулсан стандарт бүхий ийм 200 автобус иржээ. Болоо доо хэмээн ярьж суутал нэг нөхөр “Дотоодод хийчих юманд тэнэгүүд мөнгө үрлээ” гээд гэнэт уур хүргэв. Дэлхий дээр автобус, онгоц, машин зэргийг дуртай нь бүхэн үйлдвэрлэдэггүй юм.
Цаанаас нь олон улсын шинжээч нар үзээд үйлдвэрлэх зөвшөөрөл өгдөг юм. Хоёрдугаарт манай тэр угсраад байгаа цахилгаан автобус хүйтэнд царцаад явахгүй юм билээ. Бас ажилтнуудын цалин, түрээс төлбөр гээд экспортоор оруулж ирэхээс үнэтэй тусдаг.
Өмнөговь аймагт угсарсан автобусанд 20 хүн суухаар хий эргэдэг, хоёр жил болоод эвдэрсэн байна лээ. Ийм цаг нөгцөөсөн, мөнгө олох гэсэн зүйлд цаг, мөнгөө үрээд хэрэггүй ээ. Солонгос, Япон улсад явж байсан автобус авч ирээд манайхан хорин жил талхиж байгаа шүү дээ. Хамгийн сүүлд гэрийн яндан, малын хашаа болоод дуусдаг юм. Нэгэнт дэлхийн улс оронд хийчихсэн байхад хүй нэгдлийнх шиг автобус зохиох гээд тэрийгээ засагтаа шахах гэж үйлээ үзээд яах вэ дээ.
Жишээлбэл одоо iphone гар утсаа угсарсан Нокиагаар солих хүн байхгүй биз дээ. Бид бүгдийг хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч арьс ширээ боловсруулж, алтаа зөв зохистой олборлож гар утасны ширэн гэр, ноолууран цамц, шахмал түлшээ дэлхий рүү зараад мөнгө олоход дэлхий сөнөтөл амьдраад байна даа.
Б.ЖАРГАЛСАЙХАН









































