БНН-ын дарга Б.Жаргалсайхан тодруулга авлаа.
-Та Хүнс Хөдөө аж ахуйн яаманд хүсэлт тавьсан гэлээ. Ямар асуудлаар хүсэлт тавьсан вэ?
-Аж ахуй нэгж, иргэд зунжингаа тариа будаа,төмс хүнсний ногоо тарилаа. Энэ их хүнсний ногоог “Намрын өдрүүд” гэсэн гурван өдөрт зарж чадахгүй шүү дээ. Тэгээд ч нэг айл нэг удаа 10 кг төмс авахаас 10 шуудай хүнсний ногоо авахгүй. Тийм учраас миний бие олон жилийн турш Улаанбаатар хотод Хүнс, ногооны агуулах, зоорь барих санал тавьж байгаа юм. Том хэмжээний агуулах сав барьчихвал өвөлжингөө эх орны хөрсөнд ургасан ногоо иднэ шүү дээ. Үүнийг хэлээд байгааг хүлээн авах нь эсэх нь эргэлзээтэй. Хүлээгээд авчих юм бол ногоочдын ногоог аваад өвөлжингөө зарах тогтолцоо руу орох бололцоотой юм. Агуулах барих шиг амархан зүйл алга.
-Нөгөө асуудал юу вэ?
-Яг үнэнийг хэлэхэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай зэрэг аймагт зуд нүүрлэнэ. Халуун намраар мал өлдөж үхэж байна шүү дээ. Эхний ээлжинд зуд болох аймгуудын малыг хааш нь нүүлгэх вэ, өвс тэжээлийн үнийг яаж барих вэ гэдгээ Засгийн газар шийдээч ээ. Мөн зудаас өмнө арилжааны зээлүүд гаргаж мал махны экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Отрын бэлчээр, мал эмнэлэг, хүн эмнэлэг гэсэн асуудлаа шийдээч гэх мэтээр Хүнс хөдөө аж ахуйн яамны нөхөдтэй ярилцлаа.
-Ажилгүй иргэдийг малжуулах асуудлыг хөндсөн үү та?
-Тийм ээ. Зудтай аймгуудаас малыг нь төр зээлээр аваад өвс тэжээлтэй аймаг сумдын иргэдэд өгөх санаачилга гаргасан. Ажилгүйдэл, төвлөрөөс зугтах гэсэн шийдлийн нэг л дээ. Үүнийг Засгийн газар хүлээн авч, шийдэл болгон яриад эхэлсэн байна лээ.