ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Энэ сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 сэжигтэй тохиолдлын нэг хүнээс титэмвирусийн халдвар илэрлээ. Ингээд Монгол Улсад титэмвирусийн халдварын 17 тохиолдол батлагдлаа. Үүнээс нь дөрөв нь эдгэж эмнэлгээс гарсан бол 13 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр 222 хүнд титэмвирусийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 74 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Сөүлээс ирж ажиглах байранд тусгаарлагдаж байгаа 110, Цэргийн төв эмнэлэгт байгаа 10, Сэлэнгэд байгаа 4 хүний шинжилгээнд титэмвирусийн халдвар илрээгүй. Мөн уушигны хатгалгаатай 13 хүнд тандалтын шинжилгээ хийхэд титэмвирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 хүн ажиглалтад байна.
Титэмвирусийн халдвараар өвчлөөд эмчлэгдээд гарсан хоёр хүний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дуусч байна. Хоёр удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Гэхдээ гэртээ дахиад 14 хоног ажиглалт, хяналтан дор байгаа” гэв.