Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл “Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш титэмвирусийн халдвар дэлхийн 213 хүн улсад бүртгэгдлээ. Нийт 1.698.833 хүн халдвараар өвчилж, 102.737 хүн нас барж, 376.421 хүн эдгэрээд байна. Өвчлөл АНУ, Испани, Итали, Франц, Германд хурдацтай тархаж байна. Голомтын цар хүрээ өндөр байна. Азийн орноос Япон хурдацтай нэмэгдэж байна. ОХУ-д өвчлөл өндөр байна. 1786 хүн шинээр өвчилсөн. Улаан-Үд хотод өвчлөл нэмэгдэж байна. БНХАУ-д 42 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь дандаа гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн. Цаашдаа АНУ, Европоос Ази руу халдвар зөөвөрлөгдөж, гурав дахь давалгаа явагдах магадлал өндөр байгааг эрдэмтэд анхааруулж байна. Халдварын тоо Европ тивд тасрахгүй байгаа аж. Тиймээс эмнэлэг, орны хүрэлцээ муу учир ямар хүмүүсийг түрүүлж эмчлэх эсэх асуудлыг ярьж байгаа талаар мэдээлж байна.
Бид өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө өөрсдөө хичээх хэрэгтэй болоод байна. Тиймээс амны хаалтаа зүүсэн хэвшлээ орхиж болохгүй. Гараа угааж, дархлаагаа дэмжиж, гадуур дотуур явахаа багасгамаар байна. Төр, засгийн зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласаар байгаа. Одоо иргэд өөрсдөө хичээх хэрэгтэй байна” гэсэн юм.
ДЭМБ “Европ тивд халдварыг бууруулахаар хөл хорионы дэглэмийг түлхүү ашиглаж байна. БНСУ-д титэмвирусийн халдвар авч эдгэрсэн 91 хүнээс дахин коронавирусийн халдвар илэрсэн байна. Өвчтөнүүд шинээр халдвар авсан гэхээсээ илүү вирус дахин идэвхжсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаагаа мэдээлсэн” гэв.