Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, “Монгол бахархлын өдөр” дэлхий дахинаа нэрээ цуурайтуулаад буй “The Hu” хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонг олгосон билээ. Тус одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог уламжлалтай.
2005 оноос “Чингисийн одон”-г олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онуудад олгохгүй алгасаж байжээ. Харин энэ жил “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондог болон “The Hu” гишүүдэд олгоод байгаа билээ. Тэгвэл энэ талаар Сошиал ертөнцөд ширүүхэн маргаан өрнөөд байна. Тухайлбал Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга З.Энхболд К-pop-ийг дуурайсан M-pop ямарч амжилт олоогүй гэсэн бол Төрийн соёрхолт дуучин Д.Болд Миний хийсэн бүтээснийг та хэмжихгүй ээ. Таныг жаахан байхад л би дуулаад явж байсан. Одоо та том болж, гэхдээ ухаан чинь өндөртэйгээ адилхан богино юм, гэж нэлээд ширүүн маргалдаад авчээ.