Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан ажлын хэсэг болох Эрчим хүчний яамны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Л.Мөнхцог, Гэрээ эрх зүйн газрын ахлах шинжээч Б.Нармандах болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор Орхон аймагт аравдугаар сарын 3-ны өдөр ажиллалаа.
Энэ үеэр “Эрдэнэтийн ДЦС”, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иуд болон ЦДҮС ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарт тус тус ажиллаж, аймгийн хэмжээнд дулаан, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа, төлөвлөгөөт болон их засварын ажлын хэрэгжилт, нүүрс түлшний нөөц, цахилгаан дамжуулах түгээх сүлжээний өргөтгөл, техникийн бэлэн байдалтай танилцаж, холбогдох чиг үүрэг өглөө. Түүнчлэн үйлдвэр, компаниудын нийт ажиллагсадтай уулзалт хийж, салбарт хэрэгжүүлж буй “139” шинэчлэлийн бодлого, шилжилтийн стратегийг таницуулж, санал бодлыг нь хүлээн авлаа.

“ЦДҮС” ТӨХК-ийн Хангай бүсийн салбарын дэд бүтцээр дамжуулан зургаан аймгийн төв, 150 гаруй сум, суурины 143 мянган айл өрх, 19.5 мянган аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Тус салбар нь 2026 оны эхний 9 сарын байдлаар 1,456.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг дотоодын хэрэгцээнд зарцуулсан бол эрчим хүчийг дамжуулах шугам, трансформаторын алдагдал 65.4 сая кВт.цаг байна. Үүнээс гадна Хангай бүсийн салбарт дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийг шийдэх зориулалттай 220/110/35 кВ Оюут дэд станц болон 220 кВ хүчдэлийн хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байгааг газар дээр нь салбарын сайдад танилцууллаа.
Оюут дэд станц ашиглалтад орсноор Орхон аймгийн төдийгүй бүс нутгийн шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, хэрэглэгч холбогдох боломж бүрдэх аж.
“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК нь 71 МВт цахилгаан, 425 Гкал/цаг дулааны суурилагдсан хүчин чадалтай. Өнөөгийн байдлаар 57 МВт ачаалалтай таван зуух, гурван турбин ажиллаж байна. Эрдэнэт хот сүүлийн жилүүдэд өргөн тэлж, орон сууцны хоёр цогцолбор хороолол ашиглалтад оржээ. Энэ хэрээр хүн амын тоо нэмэгдэж, айл өрхийн эрчим хүчний хэрэглээ өсөж, хэрэгцээгээ хангахын тулд тус ДЦС-ын дулаан дамжуулах төв шугамыг өргөтгөх ажил хийгдэж байгаа аж.
46 жилийн түүхтэй “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь Архангай, Өвөрхангай, Булган, Хархорин гэсэн дөрвөн салбарын хүрээнд 11 аймгийн 147 сум, сууринд цахилгаан эрчим хүч түгээн ажиллаж байна.
2026-2027 оны өвлийн бэлтгэл ажилд тус компани их засварын 22 ажил, техник зохион байгуулалтын 17 арга хэмжээг, нэг хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөжээ.
Орхон аймагт 2026- 2027 оны өвөлжилтийн бэлтгэл, их засвар төлөвлөгөөний дагуу явагдаж, аймгийн хэмжээнд салбарын харьяа үйлдвэр, компаниудын дундаж гүйцэтгэл 85 хувьд хүрээд байна.










































