Хөрөнгө оруулалтаар Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын БОЭТ-үүдэд тус бүр нь 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо, Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлж байна. байгаа ба нийт 250 орчим иргэд тусламж, үйлчилгээг аваад байна.
Өнөөдрийн байдлаар ангиографийн тусламж үйлчилгээг орон нутагтаа авсан иргэдийн тоо 240 гаруй байна. Өвөрхангай-27, Ховд-41, Хэнтий- 25, Дорнод 26 иргэнд тусламж үзүүллээ. Мөн УНТЭ-т төвлөрөн үзүүлдэг байсан урологийн тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах зорилгоор 2022 онд Эрүүл мэндийн яамнаас бөөрний дурангийн мэс заслын тоног төхөөмөржийг худалдан авахад зориулж 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, дөрөвдүгээр сараас эхлэн 15 аймагт бөөрний дурангийн аппаратыг суурилууллаа. Орон нутагт дээрх хөрөнгө оруулалт хийгдсэнээр шээдэг сүвний мэс засал, давсагны чулууны мэс засал, дурангаар хийгдэх давсагны хавдрын мэс засал, түрүү булчирхай, бөөр шээсний дээд замын бөглөрөл, жирэмсэн үеийн бөглөрлийн үед гуурс тавих зэрэг мэс заслыг орон нутагтаа хийдэг болсон. Мөн бөөр, давсагны чулууны улмаас бөглөрөл үүсч, идээ татсан буюу өвчин хүндэрсэн тохиолдолд орон нутагтаа гуурс тавиулж болдог болсон. Өмнө нь зөвхөн гуурс тавиулах гэж хотод ирдэг байсан бол одоо орон нутгийнхаа нэгдсэн эмнэлэгт гуурсаа тавиулаад эмчилгээний тактикийн дагуу сарын дараа лавлагаа шатлалын эмнэлгүүдээс мэс заслын тусламж, үйлчилгээг авах боломжтой болсон. Оношилгооны хувьд шээдэг сүв, түрүү булчирхай, давсагны оношилгоог хийж байна.
Бид эмч мэргэжилтнүүдээ бэлтгэхгүйгээр багаж тоног төхөөрөмжөөр хангах нь учир дутагдалтай. Тиймээс аймаг бүрийн ерөнхий мэс заслын эмч нар болон урологийн эмчийг мэс заслын сувилагчтай нь Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран нэг сарын сургалтыг УНТЭ-ийн урологи- андрологийн төв дээр зохион байгуулсан. Мөн УНТЭ-ийн эмч нар аймаг бүр дээр очиж шинээр суурилуулагдсан тоног төхөөрөмж дээр нь буюу ажлын байран дээр нь дадлагажуулж ажилласан. Мөн эмнэлгийн удирдлагууд болон холбоотой ажилладаг эмч нарт нь мэдлэг, ойлголт өгч ажилласан нь үр дүнгээ өгсөөр байна.








































