Европын Сансрын агентлагийн Solar Orbiter сансрын хөлөг Нарны өмнөд туйлын анхны дүрс бичлэг, зургуудыг дэлхий рүү илгээжээ.
Энэхүү шинэ баримтууд нь эрдэмтдэд “Нар хэрхэн хүчтэй шуурганаас нам гүм үе рүү шилждэг” болохыг судлах боломж олгоно. Нарны идэвхжил огцом нэмэгдэх үед хиймэл дагуулын харилцаа холбоонд нөлөөлөхөөс гадна дэлхийн эрчим хүчний сүлжээг эвдэн сүйтгэж болзошгүй тул энэ нь маш чухал юм.
Шинэ зургууд нь нарны гялалзсан гэрэлт атмосферийг харуулж байгаа бөгөөд зарим хэсэгтээ температур нь 1 сая градус Цельс хүрч байна. Эдгээр гэрэлт талбайн дунд хар өнгөтэй хийн үүлнүүд харагдаж байгаа нь илүү сэрүүн боловч бас л 100,000 градусын халуунтай байна.
Эдгээр зураг нь нарны хамгийн ойр, хамгийн нарийвчилсан дүрслэл бөгөөд тэдгээр нь эрдэмтдэд дэлхий дээрх амьдралыг тэтгэгч энэхүү од үнэндээ хэрхэн “ажилладгийг” ойлгоход тусална хэмээн ESA-ийн шинжлэх ухааны газрын захирал профессор Кэрол Манделл тайлбарлажээ.
Тэрбээр “Өнөөдөр бид хүн төрөлхтний хувьд нарны туйлын дүр төрхийг анх удаа дэлгэн харуулж байна. Нар бол бидний хамгийн ойр орших од бөгөөд амьдралын эх булаг төдийгүй орчин үеийн сансар болон газрын эрчим хүчний системийг доголдуулах аюултай хүчин зүйл учраас түүнийг хэрхэн ажилладгийг ойлгох, цаашлаад “зан авирыг” нь урьдчилан таамаглах нь маш чухал юм” гэжээ.
Эх сурвалж: BBC