Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монголбанкны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүс буюу Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймагт нэр дэвшин өрсөлдсөн ч өвдөг шороодсон юм.
МАН-ын тойрогт өрсөлдөөд унасан нэр дэвшигчид эхнээсээ албан тушаалд очсон. Тэгвэл Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ч мөн Монгол Улсын мөнгөний бодлогыг зангиддаг төв банкыг удирдах нь ээ.
ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, Австралийн Сидней их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн тэрбээр Засгийн газрын гишүүнээр таван удаа томилогдон ажиллаж байсан бол УИХ-д дөрвөн удаа сонгогдон ажилласан юм. Тодруулбал, С.Баярын Засгийн газрын үед Түлш эрчим хүчний сайд, С.Батболдын Засгийн газрын үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, У.Хүрэлсүхийн Засгийн газарт хоёр удаа Сангийн сайд, Л.Оюун-Эрдэнийн танхимд Эдийн засаг хөгжлийн сайдын алба хашиж байгаа.
Тэрбээр Эдийн засаг хөгжлийн сайдын алба хаших хугацаандаа “Монгол Улсад гадаадын банк оруулж ирж, зээлийн хүүг бууруулах боломж байгаа” гэж мэдэгдэж байсан билээ.
Г.ХОРОЛ