Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшсэн бөгөөд энэ түүний нэр дэвшсэн анхны сонгууль юм.
Түүний сонгуулийн ухуулагч бусдын аминд хүрсэн харамсалтай хэрэг саяхан гарсан билээ. Тэрбээр эмгэнэл илэрхийлж, цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Би туйлын харамсаж байна. Би улс төрийн ёс зүйг баримталж, монгол хүний жудгаар одоогоор сурталчилгаагаа зогсоогоод байна. Гэтэл АН-ынхан намайг улс төрийн захиалгат аллага хэмээн гүтгэлээ. Энэ их уй гашууг өөрсдийн улс төрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Энэхүү шаардлагаа бүх шатны байгууллагад хүргүүлнэ. Намайг гүтгэсэн асуудалтай холбоотойгоор Л.Гантөмөр, С.Ганбаатар нартай уулзана.
Нийт нэр дэвшигчдээ ёс зүйтэй өрсөлдөхийг уриалж байна.
Нам нэр дэвшигчийн нэрийг татах үндэслэл байхгүй. Хоёр л тохиолдолд нэр дэвшигчийн нэрийг татдаг. Нэг нь нэр дэвшигч амиа алдсан бол нөгөөх нь шүүхээс хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд татдаг. Би сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлнэ. Ухуулагч нь миний нэр дээр бүртгэгдсэн байсан юм билээ. Гэхдээ тэрхүү ухуулагчийг би танихгүй”








































