УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирж, УИХ-ын гишүүд болон нэр дэвшихээр горилогчид маань юу чаддагаа үзүүлээд завгүй. Цахим орчинд сонирхолтой үзүүлбэрүүд ар араасаа хөвөрч тун чиг зугаатай байх аж.
Улстөрчдийн авьяасаа үзүүлэх марафоныг өнгөрсөн хаврын их цаснаар Завхан аймгаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг эхлүүлсэн. Санаандгүй тохиолдол байж мэдэх ч “цасны буянаар” гишүүн чамгүй оноо цуглуулах шиг болов.
Тойргийнхонтойгоо уулзах, зуданд нэрвэгдсэн малчдад өвс, тэжээл, тусламжийн бараа хүргэх цувааг хөр цасанд зүсэж явсан ЗИЛ-131 машин цасанд сууж унтарсан нь тэнд яваа эрчүүдийн тэнхээг үзэх сорил болжээ.
Орос машин махир маниулыг ээлж дараалан эргүүлээд ч захын эрийн асаачихдаг унаа биш аж. Харин наадмын дэвжээнд шуугиулж явсан улсын гарьд, УИХ-ын гишүүн ирж, махир маниулыг нэг бүтэн эргүүлэхэд 131 машин хүнгэнэн асах нь тэр. Энэ бичлэгийг цувааны манлайд, өнөөх машин сууж явсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудаснаа тавьсан нь нийгмийн сүлжээгээр нэг тарж, гишүүн ч хувийн оноогоо ахиулах монгол маягийн эерэг пиар болж дөнгөв.
Одоо бусад нь яах билээ, улсын зааны дайтай иртэй, бяртай нь хэн билээ, хэд билээ. Ямар нэг бичлэг хийе. Бичлэг гол нь ямар ч урьдчилсан төлөвлөлт найруулгагүй, “үнэн” байх ёстой. Гагцхүү үүнд л гишүүд болон тэдний пиар багийнхан толгойгоо гашилгах бөлгөө.
Саяхан УИХ-ын гишүүний хоёр дахь үзүүлбэр цацагджээ. Завхан аймгаас сонгогдсон тэрбээр ирэх сонгуулиар Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг буюу баруун бүсийн хоёрдугаар тойрогт нэр дэвших бололтой. Хязгаар нутгийн иргэдтэй уулзалт хийж, хувийн онгоцоо хөлөглөн газардсан түүнийг нэг хэсэг нь ард түмний амьдрал ядуу байхад онгоцоор нисэж тансаглаж, чамирхлаа гэж бол зарим нь туулах чадвар сайтай хурдан унаатай байгаад ч өдрөөр биш хоногоор туулах холын замыг цагаар товчлохын буруу юу байх вэ хэмээх аж.
Ямар нэг бичлэг хийе. Бичлэг гол нь ямар ч урьдчилсан төлөвлөлт найруулгагүй, “үнэн” байх ёстой. Гагцхүү үүнд л гишүүд болон тэдний пиар багийнхан толгойгоо гашилгах бөлгөө…
Байгаль цаг уурын хүнд нөхцөл, баруун хязгаарын холын зайг онгоцоор товчилсон хоёроороо ирэх сунгааны өмнөхөн парламентын танхимд дөрвөн жил сууснаасаа илүү танигдах шиг боллоо.
Зөрүүлээд Зам тээвэр, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт мотоцикл унаж, сумын төвөөр давхив. Энэ торгон агшныг алдахгүй гэж ажлын албаныхан нь хичээх ажээ. Унасан машины үнэтэй, эдэлсэн хэрэглэсэн, идэж уусан тансаглалаа олны нүднээс аль болох нууж, ард түмнийхээ адилаар эгэл даруу оршиж байгаагаа харуулах марафон хэдийнэ эхэлсэн. Сайд С.Бямбацогт Ховдын хязгаарт өссөн хөдөөний хүүхэд. Багадаа нутгийн ах нарын мотоциклын түлхүүрийн нүхэнд шүдэнзний мод чихэж, арга эвийг нь олоод асаагаад давхидаг байснаа хуучлах аж.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэсвэр хатуужлын спорт гэх триатлоноор хичээллэж, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан тамирчин бүсгүй. Тэр дундаа дугуй жийхдээ гаргуун сайд өнгөрсөн долоо хоногт хотын гудамжаар скүүтертэй явжээ. Данхар машин унаж, замын түгжрэлд зогсож байхаар машинуудын дундуур сүлжиж, явган алхахаас хавьгүй хурдан зорьсондоо хүрэх, манай нөхцөлд хотын залуусын хөл залгах унаа болоод буй эд. Тамирчин сайдад скүүтер унах нь амар хялбар санагдах агаад Монголд сайд “гудамжны унаа”-гаар хөл залгуулсан бол попрол, тоглолт болж харагддаг нь жам билээ.
За тэгээд, цагаан сараас эхэлсэн бууз чимхэх уралдаанд эмэгтэй гишүүд уралдан орсон ч амжилт тааруу. Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам сар шинийн буузаа өөрөө чимхдэг эгэл жирийн бүсгүйн дүрд “тоглож” хэдэн оноо авах гэсэн ч амжилт тааруухан.
Удалгүй мөн Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ээжтэйгээ бууз чимхэх зураг авалтад орсон. Харамсалтай нь эрхэм гишүүн хөлдүү бууз “чимхсэнийг” гярхай иргэд илрүүлснээр магтаал биш шүүмжлэл дагуулав. Махаа өөрөө татаж, буузаа өөрөө чимхэх хэцүү биш дээ, уг нь.
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-нд албан ёсоор эхэлнэ. Гишүүд, нэр дэвшигчид хамгийн гол нь энгийн байх уралдаан цаашид эрчээ авна. Нийгмийн сүлжээнд нэвт орсон иргэд ч өдөр бүхэн үзүүлбэртэй байх цаг хаяанд ирлээ.