Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын Япон дахь ирээдүй нэгэнтээ бүүдийжээ. Японы мэргэжлийн сүмогийн холбооноос түүнийг хоёр шат бууруулж, ажлыг нь Тамагакид хариуцуулаад зогссонгүй. “Миягино” дэвжээг татан буулгаж, бөхчүүдийг нь “Исэгахама” галынх нь дэвжээнүүдэд тарааж өгөхөөр болсон. Энэ нь Хакухо төдийгүй, сүмод барилдаж буй нийт монгол бөхчүүдэд том цохилт болсон байх учиртай.
Мэргэжлийн сүмо хэзээнээс зодуур, дэг ихтэй, нэгнийгээ зодож алах ч тохиолдол гарч байсан боловч багш нь ажилгүй болж байснаас Хакүхо шиг дэвжээгээ хаалгаж байсан нь үгүй. Япончууд яагаад ингэж хатуурхаж байгаагийн нарийн шалтгааныг мэдэхгүй ч том шалтгаан нь үндэсний спортдоо дахиад ноёрхлоо тогтоож, монголчуудын эрхшээлээс гарах хүсэл байж бүрэн болно. Мөн манай хүн торгууль хүлээснийхээ дараа янз бүрийн юм ярьж, тэр нь Сүмогийн холбооны чихэнд хүрсэн байж ч болох юм. Ямартай ч Сүмогийн холбооны шийдвэр гэнэтийн бөгөөд, Хакүхог цаашид ч өндийлгөхгүй гэдэг ойлголтыг өгөхөөр байна.
Тэгэхээр, Хакүход одоо маш том сонголт тулгараад байна. Японд хэн ч биш /Гаргасан амжилт, зэрэг дэвийг нь харьцуулахад/ байсаар дуусах уу, иргэншлээ солиулаад эх орондоо ирэх үү гэж.
Түүнд угаасаа Японы иргэн болох гадаад, дотоод хоёр л шалтгаан байсан. Нэг нь, дэвжээ өвлөж авч, багш /ояката/ болох хүсэл. Нөгөө нь, үндэсний спортынхоо хамгийн мундаг их аваргыг гадаад хүнд алдахгүйн тулд иргэнээ болгож төлөвшүүлэх гэсэн япончуудын нэг талаар хүсэлт, нөгөө талаар шахалт байсан.
Одоо харин энэ хоёрын хамгийн гол нь буюу Хакүхогийн өөрийн хүсэл нь талаар болчихсон. Сүмогийн холбоо хатуурхаж байгаагаас харвал, япон хүн болгож төлөвшүүлэх төлөвлөгөө нь ч нурсан бололтой.
Тэгэхээр, яг одоо болж байгаа үйл явцаас дүгнэхэд, Сүмогийн холбоо, Хакүхо гэсэн зөрчил асар гүнзгий бөгөөд, нэг эгзэг нь таарахад л Монгол руугаа хүрээд ирж магадгүй гэж тааж байна.
Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ 2019 оны зургаадугаар сард гаргасан бөгөөд хэвлэлд “Цаашдаа сүмогийн хөгжлийн төлөө идэвхтэй ажиллах хүсэлтэй бөгөөд 18 жил энэ спортод хүчин зүтгэсэн явдал маань өнөөдрийн шийдвэрт хүргэлээ” гэж ярьж байв. Тэрбээр одоогоор энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Гэхдээ магадлал байна. Түүний талаар гарсан мэдээллийн доор бичигдсэн монголчуудын сэтгэгдлээс үзвэл, буцаад ирэхэд нь эерэг хандлага гаргахаар байгаа юм. Энэ бол шийдвэр гаргах хүнд бас л том шалтгаан билээ.
Эх сурвалж: Zuv.Mn