Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн рецедив гэмт хэрэгтэн гэж нийгэмд танигдаад байгаа Ука хочит Л.Алтанхуяг нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэн зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулан Л.Алтанхуягийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа билээ. Хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж үзээд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Дээрх хэрэг гарснаас хойш одоог хүртэл тухайн хэрэг шүүхийн шатанд шийдэгдэхгүй гацсан байдалтай өдийг хүрсэн нь энгийн хүний нүдээр харахад ямар нэгэн хор орж эхэлсэн байх. Уг хэргийг шүүхээс мартагнуулан олны анхаарал сулрах үед батлан даалтанд гаргах талаар эх сурвалжууд ярьж эхлээд байгааг нуух аргагүй байна. Л.Алтанхуягт холбогдох шүүх хурал 2023 оны 09 дүгээр сарын 08-наас хойш нийт 6 удаа шалтгаангүй хойшлогдсон талаар хэлэх нэгэн байна.
Үүнээс үзэхэд Л.Алтанхуяг нь улс төр, бизнес, хууль хүчний байгууллагын өндөр албан тушаалтангуудаар шүүх эрх мэдэлд нөлөөлүүлж байна гэж үзэх хардлага төрүүлж байна. Жирийн нэг аавын хүүг өнчин ишиг хулгайлахад шүүх бүрэлдэхүүн маш хурдан шийдвэр гаргаж 5 жилийн ял өгөх жишээтэйг ард иргэд бүгд мэддэг.
Гэтэл амьдрах цаг хугацааныхаа талыг шоронд өнгөрүүлсэн архаг гэмт хэрэгтэнг шүүх яллаж чадахгүй байхыг харвал шүүх тогтолцоо үнэхээр ялзарснаар тогтохгүй авилгалд идэгдэж иргэдийн тайван амьдрах эрх, эрх чөлөөнд шууд халдаж байгаа байдлаар харагдаж байна.