Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцдаг өсвөр насны охид буюу 15 настай охид нийлж, нэгнээ дээрэлхсэн, зодож хүчирхийлсэн асуудал гарсан. Уг хүчирхийлэл үйлдэгдэх үед таслан зогсоох боломжтой насанд хүрэгсэд тухайн орчинд байсан ч тэд үүргээ гүйцэтгээгүй, хүчирхийллийг үргэлжлүүлсэн, дэмжсэн үйлдлүүд эхний байдлаар мэдээлэгдээд буй.
Үүнээс гадна, цагдаагийн байгууллага ч хурдан шуурхай арга хэмжээ аваагүй, хохирогчийг хамгаалаагүйн улмаас охин өөрийгөө хамгаалахын тулд олон нийтэд хандаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр, царай зүсээ ил гарган байж, хамгаалалт хүссэн. Энэ үйлдлийг “хамгаалагдахын тулд золиос гаргаж буй” үйлдэл гэж хэлж болно.
Тодруулбал, тухайн хүчирхийллийн гэмт хэрэг энэ сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн нэгэн хотхонд, хүчирхийлэл үйлдэгч Х охины гэрт болсон бөгөөд үүний маргааш буюу 9-ний өдөр охин аавынхаа хамт харьяа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хуулийн хүрээнд эрхээ хамгаалуулахаар өөрийн хийж чадах, хийх боломжтой үйлдлийг хийсэн байгаа юм. Уг гомдлыг харьяаллын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээн авсан ч, охиныг хамгаалаагүй, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлээгүй, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөөгүйн улмаас охин өөрийгөө хамгаалахын тулд олон нийтийн сүлжээнд тухайн үеийн бичлэгийг цацсан гэдгээ хэлсэн.
Бичлэг нийтлэгдсэн өдөр буюу 19-ний өдрөөс уг асуудал олны анхааралд орж, олон нийт цагдаагийн байгууллагыг “ажлаа хийхийг шаардаж” эхэлсэн. Энэ үеэс л мөн цагдаагийн байгууллага Хэвлэл мэдээллийн төвөөрөө дамжуулан мэдээлэл хийж, “хэргийг шалгаж байгаа” гэсэн агуулгаар буюу өөрсдийгөө хамгаалсан зүйл ярьж эхэлсэн. Гэтэл асуудал болоод 10 хоносны дараа буюу, нийгмийн сүлжээгээр мэдээлэл цацагдсаны дараа л сая цагдаагийн байгууллага “ажиллаж эхэлсэн” нь харагдаж байна. Охин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “тухайн хүчирхийллийн дараа амиа хорлох үйлдэл гаргасан” гэдгээ ч хэлсэн. Магадгүй тэр хэвлэлд хандаж, хуульч, сэтгэлзүйчийн тусламж аваагүй бол ямар нэгэн эрсдэлтэй үйлдэл хийхэд нь цагдаагийн байгууллага хамгаалж чадахгүй “урт” хугацааг өнгөрүүлсэн нь тод харагдаж байна.
Цагдаагийн ерөнхий газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий том бүтэц буюу “газар” хэлбэрээр ажилладаг. Түүн дотроо “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр 10 гаруй хүний орон тоотой хэлтэс ажилладаг ч харамсалтай нь хүүхэд хохирсон асуудалд хариуцсан хэн ч үгүй мэт, “эзэн бие”-гүй байгаа нь ил болж байна.
Эх сурвалж: Tsahiur.mn