Нийслэлийн зарим дүүрэгт өнөөдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр “Газ мэт үл мэдэх зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлж үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг аравдугаар сарын 11-ний өдрийн 16 цаг орчимд “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачсан.
Улмаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан “Аюултай хог хаягдалл, химийн хорт, аюултай бодисыг хаях” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.