ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар томилох шийдвэр гаргасныг танилцууллаа. Тэрбээр Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулсны дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Нийтийн тээврийн автобус нийлүүлэх асуудалд Таныг холбоотой. “Тэнүүн-Огоо” компанийн захирал таны өрөөнд байхыг харсан гэх мэдэгдэл өгсөн байна лээ?
-Тийм мэдэгдэл өгсөн байсан. Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулагдсантай холбоотойгоор хийх нэг чухал ажил нь нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил байсан.
Автобусны парк шинэчлэлийг 2008 оноос хойш 15 жил хийгээгүй. Монгол Улсад мөрдөж буй стандартаар 9 жилээс дээш хугацаанд явсан автобусыг нийтийн тээвэрт явуулах ёсгүй. Гэвч хотын үе үеийн дарга нь энэ стандартыг сунгах замаар аргацааж ирсэн. Ерөнхий сайд парк шинэчлэлийг хийхэд 320 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс шийдэхийг Сангийн сайдад үүрэг болгосон. Энэ санхүүжилтийг Ж.Сүхбаатар сайдын багцад шилжүүлж, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн.
Төр, хувийн хэвшил хамтарч парк шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр болж, энэ хүрээнд манай өрөөнд болсон хуралд “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг холбооныхоо тэргүүн гэдэг утгаар уулзсан байна лээ. Түүнээс өөрөөр би тэр хүнтэй нэг ч удаа уулзаагүй. Миний хувьд автобустай холбоотой ямар тендер, зохион байгуулалтын ажилд оролцоогүй.
-Сүүлийн үед сошиалаар намайг автобусны асуудалтай холбон бичиж байх шиг байна лээ. Та бүхэн яаж ч хичээгээд намайг автобустай холбох сэжүүр гарч ирэхгүй. Би нийтийн тээврийн салбарт ажиллах нь бүү хэл, энэ талаар санаархаж бодож ч үзээгүй гэдгийг хэлмээр байна.