Прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Улмаар түүнийг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэдэг үндэслэлээр сар гаруйн хугацаанд цагдан хорьсон. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний цагдан хориог цуцалж, батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ. Түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, бусад газар зорчихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ийн шийдвэрлэлээ.
Ташрамд мэдээлэхэд Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, хахууль өгсөн гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.








































