ОХУ-ын “Газпром” компани БНХАУ руу байгалийн хий нийлүүлдэг “Сибирийн хүч” хоолойгоо энэ сарын 22-ноос хаажээ. Компанийн зүгээс энэхүү зогсолтыг энэ сарын 22-29-ний хооронд төлөвлөгдсөн засварын ажилтай холбож тайлбарлаж буй. Харин хэвлэлүүд энэ алхмыг Ши Жиньпин “алга болсон”-той холбон бичиж эхлэв.
Тухайлбал, Энэтхэгийн “TFIGlobal” сонин “Газпром”-ын энэ алхмыг “Төрийн эрх мэдэл шилжих үйл явцыг хүндрүүлэх гэсэн алхам” буюу Ши Жинпинд В.Путинээс үзүүлж буй дэмжлэг гэж тайлсан байх юм.
Түүгээр зогсохгүй, “Төрийн эргэлтийг Ху Жиньтао тэргүүтэй Коммунист намын хуучин удирдагчид Ши Жиньпинийг ШХАБ-ын уулзалтад явсан хойгуур хуйвалдаж зохион байгуулсан. Улмаар энэ сарын 16-нд эх орондоо буцаж ирэхэд нь шууд нисэх онгоцны буудал дээр баривчилсан. Яг одоо гэрийн хорионд, ямар ч нөлөөгүй болсон. Улс орныг одоо Ху Жиньтао удирдаж байгаа“ хэмээн харсан юм шиг итгэлтэй бичжээ.
Цуурхал дэгдсэнээс хойш ингэж төгс утгаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл огт байгаагүй юм. Ши Жиньпин олны өмнө гарахгүй байх тусам тус улсын төрийн эргэлтийн талаарх мэдээлэл ийнхүү улам биежиж байна.