Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан сар бүр зохион байгуулдаг сумын цолтон залуу бөхчүүдийн алт, мөнгөн цомын төлөөх 100 дахь удаагийн түүхэн барилдаанд Монгол орны 330 сумын баяр наадмын манлай бөхчүүд хуран чууллаа.
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, 22 настай, сумын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн сумын заан С.Доржпалам одтой, иртэй, хийцтэй сайхан барилдан 10 давж түрүүлэн 1000 бөхийн манлай болж, Алтан цомын эзнээр тодорлоо. Харин Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, чөлөөт бөхийн ОУХМ, сумын баяр наадамд гурван удаа түрүүлсэн Мөнхбаатарын Цогтгэрэл заан 9 даван үзүүрлэж, мөнгөн цом гардав.
Их шөвөгт Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Хатант интернэшнл” ХХК-ны бөх, сумын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн сумын заан Ц.Давааням, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, сумын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн сумын заан Б.Золбаяр нар шалгарав. Дунд шөвгийн наймд сумын манлай заан Өмнөговийн Б.Бат-Эрдэнэ, Баянхонгорын Б.Бат-Эрдэнэ, сумын заан Ховдын Б.Бадрал, Архангайн Б.Шаравдорж нар үлдлээ.