Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол ирэх Мягмар гараг /2022.09.27/-т Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болно. Энэхүү арга хэмжээнд нийт 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно гэсэн мэдээлэл бий.
Тэгвэл тус ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Монгол Улсын нэрийн өмнөөс Ш.Абэ агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхээр болсон. Иймд тэрээр өчигдөр /2022.09.2:/ тус арга хэмжээнд оролцохоор Япон улсад очсон байна. Энэ талаар Японы NHK телевиз мэдээлжээ.
Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсоноор бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.