О.Хангайн дүрсийг тарвасан дээр сийлсэн Г.Амарсанаа: Аварга “Ямар адилхан болоо вэ” гээд уулга алдсан
Xовд аймгийн Буянт сумын харьяат бөх Оргихын Хангайн Монгол Улсын аварга цолны мялаалга наадмын үеэр зохион байгуулагдсан “Тарвас эвент” үйл ажиллагааны хүрээнд түүнийг тарвасан дээр сийлсэн Хөгжил политехник коллежийн барилгын багш Г.Амарсанаагаас сэтгэгдлийг нь асуулаа. О.Хангай аваргыг сийлсэн сийлбэр бөх сонирхогчид болоод, иргэдийн хайрыг татаад байсан юм.
-Яагаад О.Хангай аваргын дүрсийг тарвасан дээр сийлье гэж бодов?
-Нэгдүгээрт “Тарвас эвенттэй” уялдуулж сийлсэн. Хоёрдугаарт гэвэл О.Хангай аварга өөрөө Ховд аймгийн тарвасыг хамгийн сайн сурталчилж, олонд таниулдаг хүн шүү дээ. Манай аймгийн олон мянган айл өрх тэр нэрд гарсан тарвасаа худалдаалж ахуй амьдралдаа нэмэрлэж байгаа учраас гэх юм уу даа.
-Тарвасан дээр хүний дүрс сийлэхэд хүндрэлтэй зүйл гарав уу. Хэдэн удаа туршиж үзэв?
-Эхлээд нэгийг хийсэн ч царайных нь төрхийг төдийлөн гаргаж чадаагүй. Хоёр дахь удаагаа оролдож үзсэний эцэст амжилттай болсон.
-Тухайн эвентийн дараа О.Хангай аваргад өөрийн гараар бэлэглэсэн байсан шүү дээ. Хэрхэн хүлээж авсан бэ?
-Аварга ёстой гоё баярлаж хүлээж авсан. Сайхан урмын үгнүүдийг сонссон. Мөн пөөх ямар ижилхэн юм бэ гэж уулга алдсан. Өөрт нь бэлэглэхээс өмнө бөхчүүдийн группээс харсан юм шиг байна лээ. Тэгээд ямар их хөдөлмөр вэ гээд баяртай байгаагаа илэрхийлсэн.
-Тарвасаа одоо идэх л байх даа?
-Хамгийн асуудалтай зүйл нь хүний царай төрхийг хүнсний бүтээгдэхүүн дээр буулгах. Ямартай ч идсэн ч аваргыг өөрийг нь идэг гэж бодсон юм. Заавал өөрөө идээсэй ч гэж хүсэж байгаа. Миний болоод ард түмний сэтгэл гэж ойлгох хэрэгтэй.
-Өмнө түүнтэй таарч байв уу?
-Өмнө таарч байгаагүй. О.Хангай аваргатай уулзана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан.
-Цаг гаргасанд баярлалаа.