БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж өнөөдөр Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, ойн чиглэлийн аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар болон холбогдох албаныхны хамт оролцож байна. Чуулганы өмнө тэрбээр Ховд аймаг дахь байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзав. Уулзалтад БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, Мянган угалзатын БЦГ-ын дарга Т.Лхагвадорж, Хар ус нуур орчмын УТХГНХЗ-ны дарга С.Батмөнх, Мөнх хайрхан БЦГ-ын Н.Одхүү, Хар нуур, Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн, Үенч-Булган голын сав газрын захиргааны дарга С Батзориг, Сум дундын ойн ангийн дарга Ц.Даваахүү, Цаг уур орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ц.Дэлгэр нар ажил мэргэжлийн онцлог, салбарын өнөөгийн ажил, цаашдын ажлын тулгамдсан асуудлуудын талаар танилцуулж, санал солилцлоо.
Ховд аймгийнБОАЖГ нь мэргэжилтэн-7, үйлчилгээний ажилтан-6, сумдын байгаль хамгаалагч-25, нийт 39 орон тоотой ажиллаж байгаа бөгөөд аймгийн УЦУОШГазар, сум дундын Ойн анги, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Мөнххайрханы улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргаа, ойн мэргэжлийн 10 байгууллага, байгаль хамгаалах 17 нөхөрлөлтэй хамтарч, үйл ажиллагааны чиг үүргийг ханган ажилладаг байна.
Ховд аймгийн ойн сангийн нийт талбайг 812,9 мянган га гэж 2017 онд тогтоосон байдаг бол үүний 98 хувийг заган ой эзэлж байна. Тиймээс БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж энэ удаад оролцож буй чуулганаар Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд шинээр ойн зурвас, санг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллахыг хэлэлцэхийн зэрэгцээ Ховд аймгийн өмнө хэсгийн говь хээрийн бүсэд тархсан заган ойг хамгаалахад анхаарлаа хандуулах нь нэн чухал гэдгийг уулзалтаар онцлон тэмдэглэлээ. Чуулган бүтэн өдөр үргэлжилнэ.