Америкийн кино академи Уилл Смитийг Оскарын шагнал гардуулах ёслол болон академийн зохион байгуулдаг үйл ажиллагаанд 10 жилийн турш оролцох эрхгүй болголоо.
Түүнийг өнгөрсөн сард болсон академийн шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Крис Рокийг алгадаж, бухимдлаа илэрхийлсний төлөө ийм шийтгэл оногдуулжээ. Уг шийдвэрийг академийн цахим хурлын үеэр гаргасан байна.
Смит өөрийн үйлдлийн төлөө уучлалт гуйсан боловч энэ нь хангалтгүй гэж үзэв. Кино академиас гаргасан мэдэгдэлд “энэ жилийн ёслолын үйл ажиллагааг Смитийн тайзан дээрх аюултай, байж боломгүй үйлдэл харлууллаа” гэжээ. Тус байгууллагын шийдвэр 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Өмнө нь Смит академийн гишүүнчлэлээс сайн дураар татгалзаж буйгаа зарласан. Ингэснээр тэрээр Оскарын наадамд нэр дэвших уран бүтээлчдэд санал өгөх боломжгүй болсон билээ.
Тэрээр кино академийн итгэлийг алдаж, өөрийн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлээд ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хэлсэн юм.
Эх сурвалж: ВВС