Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” цахим хуудсын нэр “NFT World INC” болж солигдсон. Үүнээс болж иргэд хувийн мэдээллээ алдсан байж болзошгүй талаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Төрийн цахим үйлчилгээний талаар сошиал орчинд мэдээлэл түгээдэг байсан тус хаяг 110 мянган дагагчтай байжээ. Тус пэйжийг хөтлөгч Цахим хөгжил, харилцаа, холбооны яамнаас дараах МЭДЭГДЛИЙГ гаргаад байна.
“E-Mongolia”-гаас гаргасан мэдэгдэлд:
“Тус нэгдсэн системийн цахим хуудаст жилд 100-150, “Е-Mongolia” системд 500-600 удаагийн халдлагын тохиолдол бүртгэгддэг бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын шинжилгээ байнга хийж ажилладаг. Энэ удаагийн халдлагын үеэр META компанитай хамтран шуурхай ажилласны үр дүнд нэг цагийн дотор пэйж хуудсаа эргүүлэн авсан.
Энэ хугацаанд тухайн этгээд нь нэр, лого, ковер зургийг солихоос гадна хоёр пост оруулснаас өөр үйлдэл хийгээгүй байсан төдийгүй иргэдтэй харилцдаг чат хэсэгт ямар нэгэн халдлага гараагүй байсан. Өөрөөр хэлбэл, чат хэсгийн мэдээллийг алдаагүй бөгөөд иргэдийн мэдээллийг чат хэсэгт хадгалдаггүй болно. Бид одоогоор пэйж хуудасныхаа нэрийг өөрчлөхөөр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй хэвийн байдалд шилжих болно” гэжээ.