Бодибилдингийн спортын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийг танихгүй хүн ховор. “…Амжилт хэзээ ч ганц хүнийх байдаггүй. Би зүгээр л ДОМОГ баймаар байна. Үүний тулд би шантрахгүй хичээх болно” хэмээсэн Г.Угалзцэцэг охиноо ч мөн мэргэжлийн тамирчин болгосон.
Сурагч байхдаа спортоос их хөндий байсан Г.Угалзцэцэг анх хөдөлгөөний дутагдалд орж, жин нэмээд байхаар нь фитнессээр хичээллэхээр шийдсэн гэдэг. Хичээллэх хугацаанд биед өөрчлөлт гарахаар урам ороод тэр үеэс мэргэжлийн тамирчин болохоор шийдэж, бэлтгэл хийж эхэлжээ.
“Эмэгтэй хүмүүс туранхай байхыг хүсдэг. Гэхдээ булчинлаг байх нь илүү үзэсгэлэнтэй, эрүүл харагддаг. Турна гээд элдэв зүйл хэрэглэх шаардлагагүй. Эрүүл мэндээрээ хохирно. Түүний оронд биеэ хөгжүүлж, эрүүлээр тураасай гэж хүсдэг. Төмөр өргөдөг гээд даашинз өмсдөггүй гэсэн үг биш ” гэж ярилцлагандаа дурдсан тамирчин бүсгүй “Хохирогч“ олон ангит уран сайхны киноны нээлтийн улаан хивсний ёслол дээр тачаангуй даашинзаар гангарч олны харцыг булааж хүрэлцэн ирсэн байна.
Дэлхийн хэмжээний олон ч тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн түүнийг тун ч эршүүд нэгэн гэж харах нь бий. Харин тэрбээр тун ч эмзэг, зөөлөн сэтгэлтэй нэгэн гэнэ лээ.