Өнөөдөр дэлхийн ойн өдөр тохиож байна. НҮБ-аас дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хайрлан хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүрийн энэ өдрийг Ойн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 2012 онд гаргасан байдаг.
Манай улс энэ өдрийг 2015 оноос эхлэн тэмдэглэж, иргэд олон нийтийн ойн ач холбогдлын талаарх боловсрол, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж ирсэн юм. Энэ жил Дэлхийн ойн өдрийг олон улсад “Эх дэлхий тогтвортой хэрэглээ” уриан дор, тодруулбал, “Ойн тогтвортой үйлдвэрлэл-хэрэглээ” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.
Манай улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс Тэмбум мод тарих амлалтыг дэлхийн улс орнуудад өгч, улмаар улс орон даяар уг хөдөлгөөн эд өрнөж байгаа цаг үед Ойн өдөр тохиож байгаагаараа онцлог.
Тэрбум мод үндэсний хөлдөлгөөнийг аймаг, орон нутагт идэвхжүүлэх, хэрхэн үр дүнд хүрэх цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, холбогдох газрууд шат дараатай хийсээр байна. Улс орон даяар уг ажлыг амжилттай өрнүүлснээр Монгол Улсын хэмжээнд тэрбум мод тарьж ургуулах ажил биелэлээ олох учиртай.
Энэ талаар БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил 2030 он хүртэлх хугацаанд нэг тэрбум мод тарих уриалгыг гаргаж, энэхүү уриалгыг иргэд, ААН-үүд дэмжиж эхэлсэн. Бодлогын яамны хувьд манай яас энэхүү ажлыг үр дүнтэй болгоход манлайлан оролцож, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, мод тарих аргачлал, арчилгааны тал дээр сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, мод үржүүлгийн ажлыг дараагийн шатанд гаргах гээд шат дараатай олон зүйлийг нарийн төлөвлөж хэрэгжүүлэх ёстой.
Энэ хүрээнд жилд 130 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна. Энэ томоохон зорилтод хүрэхэд хүн бүрийн оролцоо нэн чухал юм. Тухайлбал, мод тарих ажлыг бодитой болгох, агро-ойн шинэлэг шийдлүүд, туршлагуудыг нутагшуулах, залуу үеийг түлхүү оролцуулах, тэдний ирээдүйг хамтдаа бүрдүүлэхэд төрийн бүхий л шатанд анхаарч, тал бүрийн оролцоог эрчимжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.