ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүүн Эмманюэль Макронтой утсаар ярихдаа Украин дахь цэргийн тусгай ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэсэн хэмээн Оросын Газета сайт мэдээллээ.
Энэ тухай Путин, Макрон нар утсаар ярьсны дараа Кремлийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд
- Крым дахь Оросын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх;
- Украиныг цэрэггүйжүүлэх
- Украин улс төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрөх гэсэн гурван нөхцөл шаардлагыг Оросын зүгээс тавьж байгааг дурджээ.
Орос, Украины төлөөлөгчид хоёрдугаар сарын 28-нд буюу Даваа гарагт Украинтай, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийсэн билээ. Таван цаг орчим үргэлжилсэн хэлэлцээгээр талууд тодорхой шийдвэрт хүрээгүй бөгөөд ойрын хугацаанд дахин уулзахаар тохиролцсон юм.
Орос Украины дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд ойрын өдрүүдэд болно гэж Беларусьт болсон хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдээлсэн юм.
Холбоотой мэдээ: Абрамович Лондон дахь үл хөдлөх хөрөнгөө худалдахаар зэхэж байна гэв
Путины дэглэмийг дэмжигч, санхүүжүүлэгч Оросын тэрбумтан Роман Абрамович Лондон дахь тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөө худалдаалахаар зар тавьсан байна. Энэ талаар Их Британийн парламентын гишүүн Крис Брайант мэдэгдсэнийг Times дамжууллаа.
Орос, Украины нөхцөл байдалтай холбогдуулан АНУ, Япон болон Европын холбооны улсууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсанаа зарласан. Хориг арга хэмжээнд улс төрчид болон Путинтэй холбоотой хүмүүс мөн багтаж буй. Харин Европын холбооны орнууд болон Их Британийн зүгээс Роман Абрамовичийн эсрэг хориг арга хэмжээ авах эсэхээ зарлаагүй байгаа ч нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй хэмээн таамаглаж буй.
Тэгвэл энэ талаар Брайант хэлэхдээ, эдийн засгийн хориг арга хэмжээ Абрамовичийг буланд шахсан байна. Тэрбээр өнөө маргаашдаа багтаан Лондон дахь байшин /200 сая ам.долларын үнэлгээ бүхий/, байраа худалдаалахаар төлөвлөж байна. Иймээс Оросын тэрбумтныг үл хөдлөх хөрөнгөө худалдахаас өмнө хориг арга хэмжээ авахыг Их Британийн засгийн газарт уриалжээ.
Газрын тосны магнат, Путины ойрын хүмүүсийн нэг гэгддэг Роман Абрамович 2021 онд 14.5 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн үнэлэгдэж байсан. Абрамович нь Орос, Португал, Израилийн иргэншилтэй бөгөөд Лондон хотын байнгын оршин суугчийн статустай юм.
Эх сурвалж: pravda.com.ua