Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалт, экспорт, гангийн үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг, Монгол улсын анхны бөгөөд хамгийн том ган үйлдвэрлэгч, үндэсний томоохон компаниудын нэг юм. Тухайн үйлдвэрийн удирдлагын эрхийг Концессийн гэрээ байгуулж, хувийн хэвшилд шилжүүлсэн байдаг. Төрийн өмчийн хорооны тогтоолоор цаашид Концессийн гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэр ч гарсан байдаг.
Өөрөөр хэлбэл төр өөрийн эрх, үүргийг хувийн хэвшилд онцгой эрхээр шилжүүлж эрхийг нь ав, хөрөнгө оруулалт хий, улсад дараа нь мөнгөө шилжүүл гэж байгаа хэрэг. Дарханы төмөрлөгийн үйлдвэр бол үүний нэг жишээ.
Үйлдвэр “Хувьд” шилжсэн олон жилийн дүр зургийг харваас төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас төр өмчөө эргүүлэн авч ажиллах ёстой цаг нь болсон гэж үзэж байна.
Үүнийг цэгцлэх ажилд ханцуй шамдан Монгол улсын Шадар сайд Амарсайхан алдагдсан өмч хөрөнгийг хувьдаа завшиж буй хэргүүдийг газар дээр нь шийдэж ажиллаж байгаа.
Тодруулбал, Эрдэнэт хот руу очиж 69.5 тэрбум төгрөгөөр баригдсан Эрдэнэс Медипас эмнэлэг, 50 айлын орон сууц зэргийг буцаан авсанд олон нийт талархалтай хандаж байгаа юм. Улсын хөрөнгөөр баригдсан эмнэлэг, орон сууцыг хуйвалдааны замаар аваад байсан хэргийг эцэслээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Хөтөл цемент” компани руу хөдлөв бололтой. Шадар сайд аа! Энэ тактикт эрчээрээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг улсдаа авах цаг нь болсон юм биш үү?








































