-“Ард”-ынхан койноо санхүүгийн луйврын хэрэгсэл болгож байна уу?-
Ард санхүүгийн нэгдлийн охин компани болох “Ард лайф” өнгөрсөн есдүгээр сард “Ханш 300” нэртэй урамшууллын хөтөлбөр зарлаж, 2021 оны есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд ард койноо 300 төгрөгөөр бодож тэтгэврийн хуримтлалдаа хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгожээ.
Тухайн үед нэг ард койн 160-170 орчим төгрөгийн ханштай байсан тул олон хүн энэ боломжийг ашиглаж, тэтгэврийн дансан дахь хуримтлалаа нэмээд авцгаая гэж бодсон байх. 17 сая төгрөгөө 30 сая төгрөг болгож хадгалуулна, тэндээсээ жилийн 12 хувийн өгөөж хүртэнэ гэдэг ямар ч хүнд боломжийн санагдах нь мэдээж.
Товчхондоо бүх нөхцөлийг нь хүлээн зөвшөөрөөд тэтгэврийн хадгаламжийн доод хугацааг нь дуусгасан хүмүүст маш ашигтай. Тиймээс олон ч хүн данс нээж, компани ч хэрэглэгчдийнхээ тоог өсгөж, тодорхой үр дүнд хүрч чадсан байна. Харин хугацаанаасаа өмнө хадгаламжаа татах хүмүүст ёстой л нэг хатуу хандаж, анх санал болгосон нөхцөлөө өөрчлөн ямар ч өгөөж өгөхгүй байх дүрэм журмыг өөрсдөө зохиосон байна. Уншигч танд тодорхой ойлгуулахын тулд компанийн албан ёсны цахим хуудаст оруулсан зарыг үг, үсэгчлэн буулгаж харуулья.
Тэнд “Жич” гэж байгаад “Харилцагч 2022 оны зургаадугаар сарын 30-наас өмнө тэтгэврийн хуримтлалын дансаа хаалгасан тохиолдолд тухайн дансны орлогыг ард койноор буцаан олгохыг анхаарна уу” хэмээн тодорхой бичсэн байна.
Хэрвээ зургаадугаар сарын 30-наас өмнө дансаа хаалгалаа гэхэд оруулсан койноо койноор нь буцааж авна. Шимтгэл авч байгаа учир компанийн хувьд хохироод байх зүйл байхгүй. Хэрэглэгч ч гэсэн койны ханш өслөө гэхэд дансаа хааж, койноо аваад зах зээлийн ханшаар нь зарчихаж болох байсан гэсэн үг.
Гэтэл 30 хоногийн хугацаатай урамшууллын хөтөлбөр дуусаж, компани 75 000 хэрэглэгчтэй болсон тухайгаа баяр бахдалтай зарласныхаа дараа л хэрэглэгч нар руугаа утсаар залган, данс цуцлах боломжит хугацаа “арваннэгдүгээр сарын 12” болж наашилснаас гадна дансанд байршсан койныг авсан үетэй нь харьцуулж, аль багаар нь тооцон төгрөгөөр олгохоор болсон байна. Энэ тухайгаа ч цахим хаягаар нь “мэдэгдэл” гэж хүргүүлжээ.
Үүнийг тодорхой жишээн дээр тайлбарлая. Иргэн 1 сая төгрөгөөр 6 000 койн нэг тус бүрийг нь 165 төгрөгөөр аваад Хадгаламждаа байршуулжээ гэж бодьё. Компани амалсныхаа дагуу нэмэж зузаатгаад 1.8 сая төгрөгийн хадгаламжтай болно.
Хугацаанаас наана цуцалбал 6 000 койнийг нь цуцалсан өдрийн ханшаар бодоод, анх авсан үнэтэй нь харьцуулж аль багаар нь тооцно гэсэн байна.
Ингэснээр иргэн ард койн худалдаж авсан болон “Ард лайф” компанид хөрөнгөө тодорхой хугацаанд хадгалуулж бизнесийг нь дэмжсэнийхээ төлөө сохор зоосны ч ашиггүй хоцрох болж байгаа юм. Нийтлэлийг бичиж байх үед ДАКС бирж дээр нэг ард койн 53 төгрөгийн үнэтэй байв. Ер нь койны ханш савлаж, “Ард” койны ханш тогтмол уруудаж байгаа.
Энэ тохиолдолд жишээнд дурдсан иргэн энэ өдөр гэрээгээ цуцалж, дансаа хаалгавал 6 000 койныг нь анх авсан өдрийн 165, өнөөдрийн 53 төгрөгийн ханштай харьцуулаад аль багаар нь буюу 53 төгрөгөөр тооцож 318 000 төгрөг буцааж өгнө. Койн ханш өсөж 400, 500, бүр 1000 төгрөг хүрлээ гэж бодоход дээрх маягаар харьцуулаад багаар нь буюу 165 төгрөгөөр тооцон 1 сая төгрөгийг нь буцаагаад өгчихнө. Иргэнд ирэх өгөөж 0. Зах зээлийн зарчим хаана байна.
“Ард санхүүгийн нэгдэл” бол эртнээс санхүүгээр дагнасан, “Мөнгө хором ч амрах ёсгүй, эзэндээ өгөөж өгч байх учиртай” гэсэн алтан зарчмыг хамгийн сайн мэдэх ёстой. Гэтэл хүний мөнгийг авч ашиглачихаад сохор зоос ч өгөхгүй байх арга зохионо гэж юу гэсэн үг вэ. Банк хүртэл хугацаатай хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлахад хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцож тодорхой хэмжээний өгөөж өгдөг юм шүү дээ. “Ард лайф” тэтгэврийн хуримтлалаа мөнгөөр хадгалуулсан тохиолдолд жилийн 12 хувь, хугацаанаас нь өмнө цуцалбал 4 хувийн өгөөж өгдөг юм билээ.
Харин койноор хуримтлуулсан тохиолдолд ямар ч өгөөжгүй байх дүрэм зохиосон байна. Энэ шүүмж нийтлэлийг “Ард”-ынхан ард койноо санхүүгийн луйврын хэрэгсэл болгож байна уу” гэж гарчигласан нь ийм учиртай. Ер нь хүний хөрөнгийг /мөнгө ч бай, койн ч бай хамаагүй/ их, бага хугацаагаар авч ашигласан л бол бага ч гэсэн өгөөж өгөх учиртай. Үгүй бол луйвар болно. “Ард”-ынхан “Ханш 300” хөтөлбөрийг өөр нэг охин компани болох “Ард шоп” дээрээ ч хэрэгжүүлсэн юм билээ. “Ард лайф” дээрх шиг ийм луйврын шинжтэй схем зохиосон эсэхийг мэдэхгүй юм.
Ер нь санхүүгийн луйвар залилан бол маш цэвэрхэн явагддаг, хохирогч ихтэй мөртлөө буруутан олддоггүй. “Ард лайф”-ын хэрэгжүүлсэн “Ханш 300” ч нэг иймэрхүү, хамрагдсан хүмүүс нь ханшийг 165, 164 төгрөгтэй тэнцэж байхад харьцангуй алдагдал багатай буцааж авах юм уу, “Таван жилээ хүлээе дээ” гэж шийдэхэд л ямар ч асуудал үүсэхгүй.
Гэхдээ санхүүгийн бизнесийн зарчим гэж байна. “Мөнгө огтхон ч амралгүй эзнийхээ төлөө ажиллаж байх ёстой” гэдэг зарчмыг иргэдэд ойлгуулж яваа, сайн ойлгуулах тусам үйл ажиллагаа нь өргөжин дэвжих салбарт ажиллаж байж ийм үйлдэл хийсэн нь үнэхээр харамсалтай байна. Тэд өөрсдөө бол хүнээс авсан мөнгөө яг энэ зарчмаар зогсолтгүй эргэлдүүлж л байгаа шүү дээ. Ингэж байж л тэтгэврийн хуримтлал үүсгэсэн хүмүүстээ өгөөж өгч байгаа. Тэр тусмаа “Ард” зээлийн үйлчилгээ явуулдаг компанитай.
Гэтэл “Урамшуулалт хөтөлбөр” гэж нэрлэж, аятайхан дүрэм зохиож хүмүүсийн мөнгийг авчихаад дараа нь дур мэдэн дүрмээ өөрчилж, хуримтлалаа цуцлуулсан иргэнд ямар ч өгөөжгүй байлгахаар шийдсэн нь компанийг удирдаж байгаа хүмүүс ямар ёс зүйтэй вэ гэдгийг харуулж байна. Хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. “Ард лайф” ч хүний амьдралд хөгширсөн үед нь тохиолдох эрсдэлийг хаая, туслая гэсэн зорилгоор байгуулагдсан байх учиртай.
Гэтэл үндсэн зарчмаасаа хайзайсан энэ мэт луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь харамсалтай, цаашдаа иргэдийн итгэл алдрах нь ойлгомжтой байна. Энэ дээр уг асуудлыг хянаж байх ёстой төрийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо ч хяналт тавьж ажиллах ёстой баймаар юм. Шинэ тутам хөгжиж буй хөрөнгийн зах зээл, хувийн тэтгэврийн хуримтлалын систем энэ мэт луйврын шинжтэй зүйлсээс болж дахиад л нурах эрсдэлтэй.
Эх сурвалж: Eagle.mn