Оросын уран гулгагч Камила Валиева спортын арбитрын шүүхэд ямар тайлбар өгснөөр Олимпоос хасагдахгүй болсон талаар ОУОХ-ны сахилга батын комиссын тэргүүн Денис Освальд “USA Today”-д ярьжээ.
Денис Освальдын яриагаар бол Камила Валиева нь өвөөгийнхөө зүрхний эмтэй андуурснаас болж цуснаас нь триметазидин маш бага хэмжээгээр илэрсэн байх гэж тайлбарласан юм байна. Бүр тодруулбал өвөөгийнхөө эм уудаг аяганаас ус уусан гэж тайлбарлаж. Триметазидин нь зүрхний бах гэх мэт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг зүрхний эх юм.
Энэ мэдүүлгээс гадна Валиева нь насанд хүрээгүй хүн учраас “хамгаалагдсан этгээд” гэсэн статустай, өөрөөр хэлбэл бусдын халамжид байдаг явдал ба Стокхольмын лаборатори нь дээжнээс нь хориотой бодис илэрсэн тухай цаг тухайд нь мэдэгдэлгүй бараг 20 хоног хоцроож, Оросын баг алт авсны маргааш мэдээлсэн нь түүнийг Олимпын тоглолтоос түр түдгэлзүүлсэн шийдвэрийг буцаахад нөлөөлсөн гэж Денис Освальд тайлбарласан байна.
Түүнчлэн Валиевагийн допинг сорилын “Б” хэсэгт шинжилгээ хийгээгүй байгаа бөгөөд, түүнийг цаашид тэмцээн уралдаанаас хасах эсэхийг эцсийн шийдвэр гарсны дараа шийднэ гэжээ. Гэхдээ ямар ч байсан Валиеваг насанд туршид нь тэмцээнээс хасна гэх мэт хүнд шийдвэр гаргахгүй гэдгийг Освальд онцолсон байна. Мөн Валиевад тохиолдсон зүйлс болон Сочийн Олимпыг тойрсон допингийн дуулианы хооронд ямар нэг холбоос бий гэж бодохгүй байгаагаа мэдэгдсэн байна.