Монголд хаврын синдром хэдийнэ эхэлжээ. Сошиалаар дүүрэн Хөгжлийн банкны булхай луйврын тухай мэдээллүүд. Иргэд бүгд шахуу бухимдаж байна. Гэхдээ энэ бухимдлыг зөв залж, эцсийг нь үзэж буруутай этгээдүүдийг нь яллаж, байх ёстой газарт нь илгээхгүй бол нэг бол энэ улсад үймээн бужигнаан, юун 7 сарын 1 гэдэг шиг болно. Эсэхүл бахь байдгаараа илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэгчээр төр, засаг, хууль хяналтын хэд маань нааш харж уйлаад, цааш харж инээгээд л дуусна. Тиймээс хууль зүйтэй, ёс ёмботой улс орон гэдгээ харуулах хэрэгтэй.
Энэхүү асуудлыг тийн шийдэж чадахгүй бол хэдэн жилийн өмнө Европын холбооноос хар жагсаалтад оруулсан шиг үйл явдал давтагдаж, дөнгөж сая хилээ хаалгаад хэцүүдсэн Монголд маань “үхлийн цохилт” өгөх болно.
Хөгжлийн банкны хэмээх энэхүү их наядаар нь хулуусан хэрэг зөвхөн өнөөдөр л яригдаж байгаа асуудал бишээ. Манайхан мартамхай нь дэндүү ард түмэн. Хөгжлийн банк анх байгуулдсанаас эхлээд л яригдсан асуудал. Ялангуяа “фортуна” хэмээгддэг гавьяат эдийн засагч Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдаж, давхарт нь Хөгжлийн банкийг хянаж байх тэр үед маш хүчтэй яригдаж цөөнгүй хүмүүст эрүү үүсгэж байж билээ.
Н.Батбаярт өөрт нь найз Н.Гарамгайбаатарт нь, тавиул нь болох Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад гээд л. Гэвч ах нь нар нь асуудлаас цэвэр мултарч Н.Мөнхбат 5 жил хэрэгт ороогдон явсаар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж ял янх авалгүй хоцорсон гэх. Хөгжлийн банкнаас гаргасан 1.7 их наядын зээл хэдийн нохойн замаар орчихсон юм. Энэ бүхэнд тэдний хармаа нэгт төр, засгийнхан, хууль хяналтынхан буруутай. Энэ нь УИХ-ын гишүүн Н.Энхбаяр хэмээх залуугийн бичсэнээр “Хөгжлийн банкны асуудал дээр хуулийнхан минь новшрохгүй шүү…” гэдгээр тайлагдаж байна.
Хөгжлийн банкны энэ асуудлыг хэн сэвж байгаа нь ч тодорхой. Монгол улсын бүхий л шим шүүс, юу байдаг юм тэр бүхнийг 300 гэр бүл эсэхүл 200 гэр бүл сүүлдээ бүр 30 гэр бүл сорж байдаг тухай 10-20 жил ярьж байна. Энэ хэдэн гэр бүл үнэндээ Монголд юу дуртайгаа хийж ирсэн, хийсээр ч байгаа.
Тухайлахад тэдний нэг болох “Бишрэлт”-ийн Б.Ундармаа эгч дүү, хүүхдүүдээ оролцуулаад Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумаар нь цохичихсон байгаа. Тэр өмнө нь дэдгэгдсэн ЖДҮХС-г тоногчдын нэг. “Эрэл” Б.Эрдэнэбат, ХХБ-ны “сахал” хэмээх Б.Эрдэнэбилэг, “Таван Богд”-ын С.Баатарсайхан гээд л 30 гэр бүлийн жагсаалт үргэлжилнэ. Тэр дунд 30 гэр бүл хэмээхийг хамгийн их сэвсэн Ерөнхийлөгч асан “Женко” Х.Баттулгын нэр ч дуулдана. Эднийг хууль ёсоор бизнес энэ тэрийг хийдэг гэх юм бараг мэдэгддэггүй. Хаана л хууль бус юм болж байна тэнд нэр нь дуулдаж байдаг хүмүүс.
Жирийн хүмүүсийг ипотекийн эсвэл цалингийн зээлээ төлөхгүй ганц нэг хоноход л Монголбанкны хар жагсаалтад оруулна хэмээн сүрдүүлдэг бол нэр бүхий 30 гэр бүлийнхэн хэдэн зуун тэрбумыг хусчихаад хэдэн жилээр өгөлгүй хэрүүл зарга хийнэ. Тэр хооронд хэдэн халтар төгрөгөнд хууртаж, тэднийг өмөөрөгсөд нийгмийг холион бантан болгоно. Ингэж завшсаар тэд амташчихсан. Бид ч нэг долоо хоног, нэг сар за үсрээд зургаан сар болоод л нөгөө пай пүй гээд байсан луйврыг мартчихсан энэ хэн маань ёстой нэг буян заяа ихтэй нүнжигтэй баян даа гэчихсэн цохиж явна. Ингэсээр Монголын нийт ард түмэн тэдний боол, боолын боол, босгоны шороо болсоор.
Уг нь Чингис хаан л өөрт нь болоод улс Монголдоо гавьяа байгуулсан зарим хүмүүсийг дархалж байсан түүх бий. Тэгвэл 1990 оны Ардчиллаас хойш нэг гараанаас гарсан монголчуудаа аль л ашигтай сандал суудал, төрийн том эрх мэдлээр түрий барин дээрэлхсээр хэдэн үеэрээ идээд барахгүйг цуглуулсан нөхдүүдэд ханаж цадах шинж алга. Улам л ихийг идэж, хураах өвчин туссан тэдэнд төрийн төмөр нүүрийг харуулах цаг болжээ.
Эх сурвалж: Gereg.mn