Мухар сүсэгтнүүдийн өргөл мөргөлийн бай болж тос, сүүнд халтартсан өрөвдөлтэй Тоорой банди, Араг үүрсэн эмээгийн хөшөөг та нийгмийн сүлжээнээс харсан биз ээ. Энэ жилийн цагаан сарын өдрүүдэд Шилийн Богд хайрханыг зорин, хийморь юугаа “сэргээгээд” буцахдаа Дарьгангын шилийн сайн эр Тоорой бандийн хөшөө дурсгалыг сүүн өргөлөөрөө “булшилчихаад” баяр хөөртэй оджээ.
“Цагаан сарын өмнө л хөшөө цэвэрхэн байсан. Явуулын хүмүүс хөшөө рүү сүү, идээгээ өргөж бохирдуулдаг. Шинийн 1-нээс эхлээд хүмүүс тасралтгүй цувсан. Гийчдийн цуваа шинийн 8-ныг дуустал тасрахгүй ээ. Одоо цэвэрлэсэн ч хүмүүсийн хөл тасрахгүй учир шинийн 8-наас хойш л угаана даа” гэж энэ байдалд хэдийнэ дасал болсон Дарьганга нутгийн иргэд хэлж байна.