“60 тэрбум”-ын Ц.Сандуйгаас өөр олимпын баг ахлах хүн алга уу. Төрийн эрхийг хууль бусаар авсан гэх хэрэгт холбогдож, я.л сонсож явсан этгээдээр багаа ахлуулж явууллаа гэх олон нийтийн дургүйцэл, шүүмжлэл намжаагүй байна. Арга ч үгүй л дээ. Бүгд цэнхэр дэлгэцийнхээ өмнө тогтон сууж олимпын нээлтийг сэтгэл догдлон үзэж суутал гэнэт л Ц.Сандуй гэж нөхөр гараад ирэхээр олон нийт гайхаж хүлээж авсан байх.
Тэгвэл Ц.Сандуй Монголын триатлоны холбооны тэргүүн гэх албыг хашдаг. Тэр ч утгаараа олимпын нээлтэд Монголын багаа ахалж явжээ. Ямартаа ч тэрбээр “Монголын баг тамирчид болон ТВ-ийн сэтгүүлч, зураглаач гээд нийт 17 хүн Хүннү эйрийн онгоцоор нэгдүгээр сарын 31-нд Бээжинд ирсэн. Олимпын баг тамирчдын бүрэлдэхүүнд 7 хүн бий. Хоёр тамирчин, эмч, дасгалжуулагч, цанын холбооны нарийн бичгийн дарга, МҮОХ-ны гадаад харилцаа хариуцсан ажилтан гээд 7 хүн олимпын нээлтэд жагссан.
Коронавирусийн халдварын дэглэмийг чанд сахиж, тамирчид Шведэд бэлтгэлээ хийгээд тусгаарлалтад байж байгаад энд ирсэн. Халдвар авахгүй талаас нь тамирчдадаа маш их анхаарсан. Гадаадад, дэлхийн том тамирчидтай бэлтгэл хийлгэсэн. Мөн манай тамирчид хамгийн шилдэг цана хөлөглөн олимпын наадамд уралдана. Тамирчдадаа шинэ цана, хувцас хэрэглэл авч өгсөн.
Европд шинэ цанаараа гулгаж үзсэн. Тухайн үед цана бага зэрэг элэгдсэн байсан учир МҮОХ-ныхон маань ярилцаж байгаад ивээн тэтгэгчдийн дэмжлэгтэй хамгийн сүүлийн үеийн шинэ цанаараа олимпын дэвжээнд гарах гэж байна ” хэмээв.
Түүнчлэн, үндсэн багт явж байгаа хоёр тамирчин, дасгалжуулагчийн замын зардал улсын төсвөөс гарч байгаа. Олимпын хорооноос явж байгаа хэвлэлийн ажилтан, офисс ажилтан Олимпын хорооны зардлаар, миний бие, манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга хувийн зардлаараа явж байгаа. Төрийн айлчлал төрийн шугамаараа явсан байх. Бидэнтэй бол ямарч хамаагүй. Ямар хүмүүс ирснийг ч мэдэхгүй байна гэдгийг онцлов.