Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах эсэх, сургалтыг цахимаар эхлүүлэх эсэх саналыг нэгтгэх үүргийг Ерөнхий сайдын зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдад өгсөн байна. Эрдэмтдийн зөвлөл сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах, цахимаар хичээллэх зэрэг хэд хэдэн санал гаргаж, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яаманд танилцуулсан байна.
Уг саналыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах юм. Эрдэмтдийн гаргасан халдварын тархалтын прогнозоор бол энэ долоо хоногт халдварын оргил үе тохиох аж. Улмаар ирэх долоо хоногоос халдварын тоо буурч, хоёрдугаар сарын 7 гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо багасах магадлал байгаа ч Цагаан сарын баяраас хамаарч энэхүү төсөөлөл алдагдах эрсдэлтэй байгаа аж.
Сануулахад, сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2021 оны арванхоёрдугаар сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, сурагчид арванхоёрдугаар сарын 18-наас 2022 оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах хуваарь гаргасан.
Гэхдээ Засгийн газрын шийдвэрээр 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, арванхоёрдугаар сарын 13-наас 17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болсон билээ. Харин орон нутагт арванхоёрдугаар сарын 17-ны өдрийг дуустал хичээллээд, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон байгаа.
Ийнхүү сургууль, цэцэрлэгийн амралт хоёрдугаар сарын 3-наас дуусгавар болох гэж байгаа тул Засгийн газрын хуралдаанаар сунгах эсэх, цахимаар эхлүүлэх эсэх шийдвэрийг гаргах аж.








































