ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зургаан улсын Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагуудын цахим хурлаар, дараа нь өөрийн сайтдаа нийтэлсэн мэдэгдэлдээ Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн долоо хоногт эхэлсэн үймээн самууныг “террористуудын өдөөсөн халдлага” хэмээн нэрлэж, гаднын, тэр дундаа Афганистан болон Ойрх Дорнодын зэвсэгт дайчид оролцсон гэж мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Токаевыг дэмжиж, уг үйл явдлыг гаднын этгээдүүдийн үйлдсэн халдлага гэж үзэж байгаа юм. Путин ХАБГБ-ын цахим хурлаар “Үймээний үеэр зохион байгуулалт сайтай, тэр дундаа хилийн чанад дахь террористуудын хуаранд бэлтгэгдсэн зэвсэгт дайчдыг оролцуулсан бололтой” гэж хэлжээ. Тэрээр хурлын үеэр Казахстан улсыг гаднын түрэмгийлэгчдээс хамгаалж чадлаа гэж хэлсэн байна.
Токаев, Путин нар нотлох баримт дэлгээгүй ч Токаев ойрын үед танилцуулах болно гэж амлажээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас нийт 8 мянга гаруй хүнийг саатуулсан талаар мэдээлсэн байна. АНУ хүний эрхийг дээдлэн, ХАБГБ-ын хүчнийг Казахстанаас гарахыг уриалжээ.
Оросын Батлан хамгаалах яамны онгоцнууд нэгдүгээр сарын 9, 10-ны өдөр Казахстанаас 1697 хүнээ гаргасан байна.
Хуучин нийслэл Алматы хотноо иргэд хэвийн амьдралдаа орж эхэлжээ. Хүмүүс дэлгүүрээ нээж, нийтийн тээврүүд явж, иргэд нэгдэн дэлгүүр, худалдааны цэгүүдээ засварлаж эхэллээ.
Интернэт хаалттай хэвээр байна.
Эх сурвалж: ВВС, The Hill