MУГT, олимпын мөнгөн медальт, IBO холбооны дэлхийн аварга, “King Tug” хочит Н.Төгсцогтыг дэмжихээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Э.Бадар-Ууган, улсын арслан Р.Пүрэвдагва, жүжигчин Э.Цолмонбаяр нар АНУ-ыг зорилоо. (Дээрх зураг өмнөх тулааны үеийнх болно) Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга Гэри “Бага” Рассельтай энэ сарын 8-нд тулалдах юм.
АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын 10 мянган хүний суудалтай “PPL Center” спортын ордонд болох уг тулаан Монголын цагаар энэ ням гарагийн 09:00 цагт элэг нэгт бидэнд зарим телевизээр гарна. Харин АНУ-д үндэсний хэмжээний томоохон телевиз болох “SHOWTIME” шууд дамжуулах аж.