Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрээр хуралд цугласанд олонд мэндчилгээ дэвшүүлж “Одоогоос 100 жилийн тэртээ улс орны тусгаар тогтнол алдагдсан нэн хүнд үед манай намын анхдугаар их хурал хуралдаж байлаа. Эх орноос харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулах, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах нь гол зорилт байжээ.
Өнөөдөр манай намын 30 дахь удаагийн хурал ч Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн амаргүй үед зохион байгуулагдаж байна. Монгол ардын нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдож байна.
Эрхэм журмын нөхөд өө, 1921 онд С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Бодоо, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нарын эх орончид нэгдэн, Монголын улс төрийн ууган хүчин, Монгол ардын намыг үндэслэн байгуулжээ. Ардын хувьсгалыг удирдаж ялалтанд хүргэсэн, Ардын хувьсгалын анхны долоон баатраа 100 жилийн ойн намын 30 дугаар их хуралд босож хүндэтгэл үзүүлье” гэлээ.

МАН-ын 30 дахь их хурал 09.00 цагаас эхэллээ. Их хурал хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд эрх баригч намынхан энэ удаагийн хурлаар хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх бодлогоо танилцуулах юм. Хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд 08.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ гэж МАН-аас мэдээллээ. Өнөөдрийн хурлаар нийт 9 асуудал хэлэлцэх бөгөөд нэн түрүүнд МАН-ын даргыг жинхлэх асуудлыг хуваарьт оруулжээ. Хамгийн эхэнд Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавих юм.









































