“Абу Даби-2021” Гранд Слам тэмцээний эхний өдөр буюу 11 сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид гурван хүрэл медаль хүртэж, сайхан амжилтыг гаргасан. Өнөөдөр тус тэмцээний хоёр дахь өдөр манай найман жүдоч хүч үзэхэд “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медалийн төлөө өрсөлдлөө. Тэрбээр энэ жил хоёр “Их дуулга”-д түрүүлээд байгаа бөгөөд гурав дахь түрүүгээ авах эсэхээ Узбекистаны Х.Тураевтай хийж цэвэр яллаа.
Манай бөх эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Бельгийн Жероен Кассег 3:17 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Словакийн Мартин Хойякыг 2:55 минутад цэвэр ялжээ. Улмаар хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальтай ОХУ-ын Арман Агаяныг нэмэлт цагт цэвэр ялснаар энэ онд гурав дахь удаагаа Гранд Слам ангилалын финалд шалгараад байна. Тэрбээр Тибилис, Ташкентэд тус бүр түрүүлээд Бакугаас хүрэл медаль хүртээд байсан юм. Ингэснээр манай тамирчин энэ оны сүүлийн тэмцээнд түрүүлж өөрийн чансаан дээрээ 1000 оноо нэмж дэлхийн чансааг тэргүүлж 50000 доллар авахаар боллоо