Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүний хэлж буйгаар энэ жил газар тариалангийн ургац хураалт маш сайн байжээ. Хүнсний салбарт зохион байгуулалтын арга хэмжээнүүд авч ажилласан байна. Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан. Түүнчлэн ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологио шинэчилжээ. Мөн сортынхоо 30 хувийг шинэчилсэн.
Одоогийн байдлаар ургац хураалт 97.3 хувьтай байна. Талбай дээр ургац хураалт дууссан. Ургацын гүйцэтгэлээр урьдчилсан баланс мөргөсөн. Энэ жил улсын хэмжээнд 420.2 мянган га-д үр тариа үүнээс 389.4мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655 мянган га-д тариалалт хийсэн. Энэ жил тэжээлийн тарьмал түлхүү тарьсан. Дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хурааж авлаа. Жилд дунджаар улаанбуудайн 310 мянган тоннын хэрэгцээ байдаг.
Энэ жил 547.2 мянган тонныг хураан авлаа. Хүнсний ногооны 99.1 хувийг хураасан буюу энэ нь 110 мянган тонн бөгөөд өмнө нь дотоодын хэрэгцээний 47 хувийг хангадаг байсан бол энэ жил 60 хувийг хангах боломж бүрдэж байна гэсэн үг.
Түүнчлэн нэг онцлох зүйл нь цагаан будааны ургац хураалт байв. Сайд З.Мэндсайхан “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа. Хоёр га талбайд тариалснаас 10 тонныг хураан авсан.
Тоо хэмжээ бага сонсогдож магадгүй ч уйгагүй оролдлогын үр дүнд эх орондоо цагаан будаа тарих технологийг нутагшуулсан, өөрсдийн болгож, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломжийг бүрдүүлсэн юм. Хувийн аж ахуйн нэгж маань төслөө үр дүнтэй хэрэгжүүлсэн. Энэ нь Хөсөг цагаан будаа нэртэйгээр хэрэглэгч та бүхэнд хүрэх болно” гэлээ.









































