Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг өнгөрөгч долоо хоногт АНУ-ын “Merck Sharp & Dohme” компанийн боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “Молнупиравир” эмийг эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон.
Тэгвэл АНУ-ын биотехнологийн “Pfizer” компани өөрийн бүтээж буй “COVID-19”-ийн эсрэг “Паксловид” эмийн клиникийн туршилтын үр дүнг танилцууллаа. Судалгааны тайланд дурдсанаар “Паксловид” эмийг коронавирусийн халдвараар хөнгөн, хүндэвтэр өвчилсөн эрсдэлт бүлгийн 1219 хүний эмчилгээнд хэрэглэж, туршихад хүндрэх болон нас барах эрсдэлийг 89 хувь бууруулж байна гэсэн үр дүн гарсан байна. Эмчилгээнд “Паксловид” эмийг уусан өвчтөнүүдийн 0.8 хувь нь хүндэрч, эмнэлэгт хэвтсэн бол пласибо бүлэгт /эм хэрэглээгүй бүлэг/ энэ тоо 7 хувь байжээ.
Тухайлбал, “COVID-19”-ийн шинж тэмдэг эхэлснээс хойш гурван хоногийн дотор эмчилгээг эхлүүлж, “Паксловид” эмийг уусан өвчтөнүүдэд нас баралт бүртгэгдээгүй бол, эм уугаагүй буюу пласибо бүлэгт долоо хүн нас барсан байна. Харин шинж тэмдэг эхэлснээс хойш тав хоногийн дотор эмчилгээг эхлүүлэхэд “Паксловид” бүлэгт нэг хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн бөгөөд мөн нас баралт бүртгэгдээгүй аж. Гэтэл пласибо бүлэгт 6.7 хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтэж, 10 хүн нас баржээ.
Их Британийн Лидсийн их сургуулийн Анагаах ухааны дэд профессор Стивен Гриффин судалгааны талаар “Коронавирусийн эсрэг эмийн эдгээр үр дүн нь халдвараар хүндээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх шинэ боломжийг бий болгох болон эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцинд хамрагдах боломжгүй хүмүүсийг хамгаалахад чухал юм” гэжээ.
“Pfizer” компани “Паксловид” эмийг эмнэлзүйд нэвтрүүлэхэд шаардлагатай бичиг баримт, судалгааны ажлуудыг өнгөрөгч сард АНУ-ын Хүнс, эмийн агентлагт бүрдүүлж өгсөн байна. Тиймээс ирэх саруудад холбогдох байгууллагууд уг эмийг яаралтай үед эмнэлзүйд ашиглах зөвшөөрөл олгох хүлээлттэй байгаа юм.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден “Паксловид” эмийн хэдэн сая тунг урьдчилан захиалсан талаар мэдээлсэн. Харин Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавидын мэдээлснээр тус улс “Молнупиравир” эмийн 480 мянган курс эмчилгээний тун, “Паксловид” эмийн 250 мянган курс эмчилгээний тунг тус тус худалдан авах гэрээг баталгаажуулсан байна.
Эх сурвалж: BBC