Шударга шүүх засаглалаa, хууль дээдлэх зарчмын төлөө тэмцэгч, хуульч, судлаач, өөрийгөө хэлмэгдсэн хэмээн үзэж буй Хадбаатарын Бат-Ялалт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүрч Ренчинхорол, Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Очбадрах болон Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөгч Анарчулуун нарыг өнөөдөр халз мэтгэлцээнд дууджээ.
Дээрх нэр бүхий шүүгч, прокурор, мөрдөгчид үгсэн хуйвалдах замаар илтэд хууль зөрчиж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, түүний зөвлөх Л.Эрдэнэчимэг, Г.Уянга болон бусад этгээдүүдийн нөлөөнд автаж Монгол Улсын иргэн Х.Бат-Ялалтын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан хэмээн үзэж байгаа аж.
Тиймээс энэ удаагийн мэтгэлцээнээр дээрх нөхдүүд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болохыг нотлох гэнэ. Мөн дээрх шүүгч, прокурор, иөрдөгч нар өөрсдийгөө хууль дээдлэх зарчмыг баримталж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг сахиж ажилласан болохоо олон нийтийн өмнө батлах ёстой гэдгийг Х.Бат-Ялалтын зүгээс хэлж байна.
Мөн тэрбээр энэхүү мэтгэлцээний хүрээнд хууль хяналтын байгууллагын онцгой эрх мэдлийг ашиглан бусдад давуу байдал олгох, эсвэл гэмт этгээдүүдийг хамгаалах зорилгоор ашиглах болсон нь энэ цаг үеийн хамгийн тулгамдсан бузар үзэгдэл гэдгийг олон нийтэд харуулах гэнэ. Цаашлаад мэтгэлцээнд дуудаж буй нэр бүхий этгээдүүдээс эхлэн хууль зөрчигч, төрийн эрх мэдлээр бусдыг далайлган сүрдүүлэгч нарыг нэн даруй зайлуулах нь Монголын ард түмний үйл хэрэг болно гэдгийг хэллээ.








































