Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард тус албан тушаалд томилогдож байсан юм.
Энэ сарын 15-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсан Хилл” цогцолборт “Камертон” хамтлагийн тоглолт болсон. Тоглолтын үеэр заалны дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Үүнтэй холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай сануулгыг Ерөнхий сайд өгсөн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ.
Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан юм.