Коронавирусын цар тахлын нөхцөл байдал амаргүй байдалтай байна. Манай улсад тархалтын хэмжээ буурахгүй байгаатай зэрэгцэн иргэн, ААН-ийнхээ хэвийн үйл ажиллагааг хангахын тулд УОК, Эрүүл мэндийн салбарынхан чөмгөө дундартал зүтгэж байгаа нь хөдлөшгүй үнэн билээ.
Тахлын нөхцөл байдлын эрсдлийг бууруулах, ингэхдээ иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд гадаадаас эх орондоо ирж буй иргэдийн шинжилгээний бичгийг шалгаж, улмаар гэртээ тусгаарлах боломжийг УОК-оос бүрдүүлсэн.
Гэтэл Монголын нийгэмд манлайлал үзүүлэх ёстой эрхмүүд ядарсан алба хаагчдад дэмжлэг үзүүлэхийн оронд ямаан омог гаргаж загнасан үйл явдал гарлаа. Тухайлбал, “Хас”-ын гэх тодотголтой Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг гадагшаа яваад эх орондоо ирсэн бололтой. УОК-ын албан хаагчид халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, ирсэн иргэдийн шинжилгээний бичгийг шалгахын тулд нэг нэгээр нь дуудаж, холбогдох шаардлага тавьсан нь эрхэм захиралд таалагдаагүй бололтой.
Тэрбээр их л бухимдангуй, “УОК-т Энэ арай хэтэрнээ. Хүнийг нэрээр дуудаж гаргадаг гэнэ шүү. Ямар шалгуураар? Би нэрээ дуудуулж буулгах гэмт хэрэгтэн биш. Суудлаар нь дуудаж болно, хэрэв зайлшгүй дуудаж гаргах ёстой бол. Та хэдийн утгагүй шийдвэрийг хэрэгжүүлж байгаа төрийн албаны нөхөд, эх орондоо эргэж ирж байгаа иргэд, гадны зочид гийчдийг залхаан цээрлүүлсэн, утгагүй явдлаа даруй зогсоо!” хэмээн бичлэг хийж өөрийн цахим хуудаснаа байршуулаад амжжээ.

Яадаг ч байсан энэ хэцүү цаг үед галын шугам дээр цаг наргүй ажиллаж буй албан хаагчдыг нэрээр минь дуудлаа гээд баалаад байх тийм ч зохимжтой биш хэмээн иргэд хэлж байна.
Нэмэр болохын оронд нэр нүүрээ бодсон ийм хүмүүс л нэр нэгтнээ муухай харагдуулаад зогсохгүй төрийн ажлыг үнэгүйдүүлж, халдвар тархаах эрсдлийг нэмэгдүүлж байж мэдэх гэнэ.









































